Иргэд Монгол Улсын төсвийг цахим хэлбэрээр үзэх боломжтой боллоо

Монгол Улсын төсвийн ил тод байдлыг хангах, иргэдэд нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор Сангийн яам “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг санаачилж, дөрөв дэх жилдээ гаргаж байгаа юм. Уг санаачилгыг дараагийн шатанд хүргэн хөгжүүлж, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн мэдээллийг цахим платформ ашиглан, интерактив хэлбэрээр гаргах төсөл амжилттай хэрэгжин, иргэдэд нээлттэй боллоо.

Ийнхүү “Иргэдийн төсөв”-ийг цахимжуулснаар төсвийн ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн талаарх иргэдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, Монгол Улс Дэлхийн Банкны төсвийн нээлттэй тоон мэдээллийн BOOST санаачилгад нэгдсэн бөгөөд цаашид уг цахим хуудсаар дамжуулан судлаач, оюутнуудыг  төсвийн тоон мэдээллээр хангахаар төлөвлөсөн. Уг шинэчлэлийн ажлыг Европын холбооны буцалтгүй тусламжийн хүрээнд Дэлхийн банкны хэрэгжүүлж  буй Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгааг дурдахад таатай байна.

Та бүхэн http://iltod.mof.gov.mn/budget/main хаягаар хандан цахим “Иргэдийн төсөв” цэстэй танилцах боломжтойгоос гадна Сангийн яамны цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэсээр дамжуулан хандах бололцоотой.

Энэхүү “Иргэдийн төсөв”-ийг цахимжуулах вэбсайтны төслийн гүйцэтгэгчээр Могул Консалтинг энд Сервис компани ажиллаа.

Могул Консалтинг энд Сервис компани нь цахим шилжилтийн мэргэшсэн зөвлөх компани бөгөөд уг төслөөрөө иргэн бүр улсын төсвийн оон мэдээлэлтэй танилцах, тоон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг зорьсон байна.