Design Thinking буюу Загварчлах сэтгэлгээ гэдэг нь аливаа асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх философи ба арга хэрэгслүүдийн багц юм. Хүнд суурилсан, асуудал шийдвэрлэх бүтээлч аргачлал юм.
Сүүлийн үед бизнесүүд энэ аргачлалыг байгууллагадаа инновацийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор маш түгээмэл ашиглаж байна. Учир нь бизнесийн орчин маш тогтворгүй, таамаглах боломжгүй хурдтай өөрчлөгдөж, глобальчлал өрсөлдөөнийг улам бүр хавтгай болгож байна. Ийм нөхцөлд бизнесүүд амжилттай ажиллахын тулд шаламгай ажиллах шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Хамгийн анх 1940-өөд онд Max Wetheimer-ийн судалгааны ажил “Productive Thinking” буюу бүтээмжийн сэтгэлгээний тухай философийн судалгаа нь бүтээлч сэтгэлгээний тухай шинэ аргачлалуудыг хөгжүүлэх суурь болсон гэж үздэг. Үүний дараа загварчлах сэтгэлгээг асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх аргачлал хэлбэрээр хөгжүүлж эхлэсэн ба 1990-ээд онд IDEO-ийн үүсгэн байгуулагч, Stanford-ийн David M.Kelley-г загварчлах сэтгэлгээг бизнесийн зорилгоор ашиглах аргачлалыг хөгжүүлсэн хүн гэж үздэг.
David M.Kelley-ийн тодорхойлсноор Загварчлах сэтгэлгээ нь “хүмүүсийн хэрэгцээ, технологийн боломж, бизнесийн амжилтад тавигдах шаардлагуудыг нэгтгэхийн тулд дизайнерын хэрэглүүрээс авсан хүн төвтэй инновацийг бүтээх арга” юм. Иймээс энэ арга нь үндсэн 3 элементэд төвлөрдөг: хүмүүс, технологи ба бизнес.
Бизнес бүрт шинэ санаатай хүмүүсээр дүүрэн байдаг ч ихэвчлэн шинэ санал санаачлага зөвхөн удирдлагын түвшинд яригдаж шийдвэрлэгддэг байсан. Бизнесүүд яагаад төрөлхийн бүтээлч байдлыг аль ч түвшинд боомилдог вэ? Загварчлах сэтгэлгээний соёлыг төлөвшүүлэх нь тэргүүн эгнээний ажилчдад шинэ санааг судлах, олон янзын багуудад хамтран ажиллах, ажлыг илүү хурдан, хялбар, илүү үр дүнтэй гүйцэтгэх шинэ аргуудыг авч үзэх боломжийг олгох замаар хүний нөөцөө илүү ашиглах сайхан арга юм.
- Загварчлах гэдэг нь хүмүүсийг хайрцагнаас гадуур сэтгэж, бүтээлч, инновацилаг байдлаа сэргээх процесс юм
- Загварчлах сэтгэлгээ нь үйлдэнгээ суралцах үйл явц
- Загварчлах сэтгэлгээ нь бизнест төвтэй инженерийн шийдлийг харилцагчид суурилсан шийдэл рүү шилжүүлдэг
Загварчлах гэдэг нь зөвхөн бүтээгдэхүү, үйлчилгээний загвар гаргахаас гадна байгууллагын систем, процедур, процесс, харилцагчийн туршлагыг дахин бүтээхэд ашиглагддаг.
Linda Naiman “European Business Review”
Загварчлах сэтгэлгээг хэрэгжүүлэх үндсэн 5 үе шат байдаг.
1. Empathize
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчийг судлаж ойлгох үе шат. Хэнд зориулж, ямар асуудлыг нь шийдвэрлэх, тэд юу хийдэг болохыг судлаж ойлгоно.
2. Define
1-р шатанд ойлгосон зүйлсээсээ хэрэглэгчийн гол хэрэгцээг тодорхойлно. Тэдний хэрэгцээ, тулгарч байгаа сорилтууд
3. Ideate
Шийдэл, санаанууд гаргах үе шат. Өмнөх үе шатуудад судлаж олсон мэдээлэлдээ тохирох шийдлийг гаргах, brainstorming санаа уралдуулах үе шат.
4. Prototype
Гаргасан шинэ санаануудаа шигшиж, хамгийн энгийн, тестэлж болох прототайпыг хөгжүүлэх үе шат.
5. Test
Өмнөх шатанд хөгжүүлсэн прототайпыг бодит хүмүүс дээр турших үе шат. Бодит хэрэглэгчээс feedback авч, үр дүнг тодорхойлно. Маш их мэдээлэл цуглуулаад буцаад 2-р үе шат руу очно.
Энэ бол Design thinking-ийн үндсэн цикл юм.
Загварчлах сэтгэлгээг амжилттай нэвтрүүлэхийн тулд :
1. Үйлдэхээсээ өмнө унш. Асуудлыг шийдвэрлэх гэж үсэрч орохоосоо өмнө сайн ойлгож авах, судлах хэрэгтэй. Асуудал бүр шинэ асуудал байдаггүй. Тухайн асуудлын тухай боломжит бүх судалгааг хийж, уншсны дараа брэйнсторминг хийж шийдлийг хайх нь чухал.
2. Бодит хүмүүстэй ажилла. Төсөөллийн зорилтот хэрэглэгчийг тодорхойлж, түүн дээрээ шийдэл гаргахаас зайлсхий. Төсөөллийн хэрэглэгч танд хэзээ ч буруу ойлгосон зүйлийг тань хэлж өгч чадахгүй, таны шийдэл тэдэнд таалагдахгүй байгааг илэрхийлэхгүй. Зорилтот хэрэглэгч тань бодит хүмүүс байх ёстой.
3. Дүгнэлт гаргах гэж бүү яар. Таны гаргасан шийдэл бодит хүмүүсийг бодит асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэхийг сайн тестлэх хэрэгтэй. Эцсийн шийдлийг батлахаас өмнө тестэл, тестэл бас дахин тестэл. Шийдвэр нь төсөөллийн мэдээлэл дээр биш бодит тоон мэдээлэл дээр тулгуурлах ёстой.