Багийн гүйцэтгэлийн үнэлгээ

Багаар ажиллах нь хамтын ажиллагааны синержи үүсгэж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна багийн гишүүдэд урам зориг өгч, сурч хөгжих боломж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх ба эдгээр нь эргээд гүйцэтгэлийг сайжруулдаг байна. Багаар ажиллах нь бие даан ажилладаг ажилтнуудаас ямагт илүү гүйцэтгэлтэй байдаг.

Байгууллагын ажилтан бүр ямар нэг алба нэгжийн гишүүн байдаг. Алба нэгж бүр байгууллагын нэг бүрэлдэхүүн хэсэг болж байдаг. Гэхдээ сүүлийн үед багийн зохион байгуулалт илүү уян хатан болж, богино хугацааны төслийн баг бүрдүүлэх, тодорхой даалгавар гүйцэтгэх түр зуурын баг бүрдүүлэх гэх мэт олон төрөл болсон учир ажилтан хэдэн ч багийн гишүүн байх боломжтой болсон байна.

Багийн гүйцэтгэлийн удирдлагын хамгийн эхний алхам бол багийн гүйцэтгэлийг байгууллагын зорилгод уялдуулах, байгууллагын тавьсан зорилт, KPI-уудыг багийн түвшинд буулган төлөвлөх нь чухал. Байгууллагынхаа гүйцэтгэлийг өндөрт байлгах, тавигдсан зорилтуудад хамтарч ажиллахгүй бол багийн бүтээмж хичнээн өндөр байгаад ч байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулж чадахгүй.

 

Багийн гүйцэтгэлийг хэмжих гол талбарууд

Багийн гүйцэтгэлийг олон төрлийн үзүүлэлт, хэмжүүрээр үнэлж болно. Бид танд багийн гүйцэтгэлийг үнэлэх ерөнхий ойлголт өгөх зорилгоор хамгийн өргөн хэрэглэгддэг жишиг үзүүлэлтүүдийг гаргалаа.

Ажилтны оролцоо : Ажилтнуудын ирц нь багийн гүйцэтгэлийн чухал суурь нөхцөл байдаг. Учир нь ажил таслалт нь зардлыг нэмэгдүүлж, багийн бүтээмж, ажилтнуудын ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүгээр ч зогсохгүй ажлаас хоцролт нь бухимдлын эх үүсвэр болж, багийн эв нэгдэл, багийн үр ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас ирцтэй холбоотой KPI-ууд нь багийн гүйцэтгэлийг хянах эхний чухал үзүүлэлтүүд болно.

  • % Ажил таслалт : багийн гишүүдийн хэдэн хувь нь байнга ажил тасладаг, эсвэл шалтгаангүй гэнэт ажил тасладаг болохыг илэрхийлнэ.
  • $ Сул зогсолтын өртөг : Багийн гишүүдийн сул зогсолтоос хамаарсан алдагдсан борлуулалтын орлогын хэмжээг илэрхийлнэ.
  • # Хоцролтоос шалтгаалж алдагдсан хугацаа : Ажилтны хоцролтоос шалтгаалан алдагдсан цаг хугацааг хэмжинэ.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж : Багийн ажил бүрт гадаад/дотоод хэрэглэгч байдаг. Тэдний сэтгэл ханамж нь багийн гүйцэтгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлт болно. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь үр дүндээ ажлын процессийн үр ашигтай, хурдтай байдлыг нэмэгдүүлж байдаг.

  • % Хэрэглэгчийн сэтгэл ханамж : Багийн хэрэглэгчдэд (ажилтнууд, ханган нийлүүлэгчид, бусад хэлтэсийн ажилтнууд эсвэл гадны үйлчлүүлэгчид) үзүүлж буй харилцаа холбоо, бүтээмж ба/эсвэл хариу үйлдэл гэх мэт үйл ажиллагаа хоорондын үйлчилгээнд үзүүлж буй сэтгэл ханамжийн түвшинг хэмждэг.

Ажилтны тогтвортой байдал : Ажилтан тогтвортой ажиллахгүй байх, багийн гишүүдийн оролт, гаралтын түвшин өндөр байх нь багийн бүтээмжинд шууд нөлөөтэйгөөс гадна байгууллагын гүйцэтгэлд сөрөг үр дагавар авчирдаг. Тогтвортой байдалд багийн гүйцэтгэлээс гадна хүний нөөцийн албаны бодлого нөлөөлж байдаг, ажиллах орчин, цалин урамшуулал, мэргэжлийн өсөлт хөгжлийг хангах боломж гэх мэт. Гэсэн хэдий ч багийн оролт гаралт өндөр байх нь багт асуудал байна гэсэн үг.

  • % Ажилтны эргэц : Тайлант хугацаанд багийн гишүүдийн ажлаас гарсан түвшинг илэрхийлдэг. (жишээ нь сар, улирал, жил гэх мэт).
  • % Ажилтны тогтвортой байдлын түвшин : Тайлант хугацааны эцэст тогтвортой ажиллаж байгаа ажилтны тоог хугацааны эхэнд ажиллаж байсан нийт ажилтны тоотой харьцуулж тооцно.

Ажилтны сэтгэл ханамж : Судалгаанаас харахад ажилтнуудын сэтгэл ханамж болон оролцоо нь гүйцэтгэлийн өсөлттэй шууд хамааралтай байдаг. Ур чадварыг хөгжүүлэх, тэдэнд итгэх итгэл, үнэнч шударга байдлыг бий болгох, цаашдын карьераа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэгээр компани ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Ажилтны сэтгэл ханамж, оролцоог дараах KPI-аар хэмжээрэй.

  • % Ажилтны сэтгэл ханамж : Ажилтны сэтгэл ханамж, мотивацийн түвшинд тэдний хариуцаж байгаа ажил, ажиллах орчин, үүрэг роль, баг, удирдлагын арга барил, мэргэжлээрээ өсч хөгжих боломж талаас нь хэмждэг.
  • # Ажилтны оролцооны индекс : Ажилчдын идэвх, үүрэг хариуцлага, урам зориг, тууштай байдал, өөрийн үзэмжээр ажиллах хүчин чармайлтаар нь тэдний ажлын идэвх, үүрэг хариуцлагын түвшинг хэмждэг.

Ажилтны бүтээмж : Нэг ажилтны бүтээмж нь багийн гүйцэтгэлийн түлхүүр элемент юм. Дараах KPI-ийг ашиглан багийн гишүүдийн багийн гүйцэтгэл, байгууллагын зорилгын биелэлт дэх оролцоог хэмжиж болно.

  • $ Нэг ажилтанд ногдох ашиг : Нийт ашгийн дүнд багийн оруулсан хувь нэмрийг хэмждэг. Энэ нь үйлчилгээний салбар гэх мэт хэрэглэгчдэд чиглэсэн бизнесүүдэд онцгой чухал үзүүлэлт юм.
  • $ Нэг ажилтанд ногдох борлуулалт : Борлуулалтанд нөлөөлж буй багийн гишүүний бүтээмж, үр ашигт ажиллагааг хэмжинэ.
  • % Хүний нөөцийн хөрөнгө оруулалтын өгөөж : Багийн хүний капиталд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг хэмждэг.
  • $ Хүний нөөцийн нэмэгдсэн үнэ цэнэ : Багийн гишүүдийн бүтээмжтэй үйл ажиллагаагаар дамжуулан бий болсон үнэ цэнийг хэмждэг. Орлогоос хөдөлмөрийн зардлаас бусад бүх зардлыг хасч, залруулсан ашгийн тоог нийт ажиллагсдын тоонд хуваах замаар тооцсон үйл ажиллагааны ашгийн тохируулсан үзүүлэлтийг тусгана.

OKR уу эсвэл KPI уу?

Зарим тохиолдолд багийн бүтээмж нь байгууллагын орлого, ашигтай шууд хамааралгүй тохиолдолд (жишээ нь дэмжих функцийн баг) KPI биш харин OKR (Зорилго ба гол үр дүн) ашиглан бүтээмжийг хэмжих нь тохиромжтой байдаг. OKR нь сайн тодорхойлсон зорилго, нэг буюу хэд хэдэн гол үр дүнг агуулдаг. OKR нь тодорхой, хэмжигдэхүйц үйлдлээр зорилгодоо хэрхэн хүрэхийг тодорхойлоход тусалдаг.

Дүгнэлт

Багийн гүйцэтгэлийг хэмжих нь нарийн, цогц үйл ажиллагаа юм, тухайн багийн үйл ажиллагааны онцлог, ажил мэргэжлийн ялгаа, ажлын ачааллаас хамааран олон талаас нь шинжлэх хэрэгтэй. Дээр дурдсан үзүүлэлтүүд нь бүх багуудын гүйцэтгэлийг хэмжихэд тохирох албагүй. Гэсэн хэдий ч, эдгээр KPI нь таны ажилтны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бий болгох тогтвортой суурь болж өгөх болно.

Манай KPI Essentials гүйцэтгэлийн удирдлагын сургалтаас багийн болон ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний талаар илүү ихийг олж мэдээрэй.