2022 оны гүйцэтгэлийн удирдлагын гурван гол чиг хандлага

Гүйцэтгэлийг удирдах анхны оролдлого 1920-оод оноос үүсэлтэй гэж үздэг. Тэр үед байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах, масс үйлдвэрлэлийг сайжруулахад чиглэн гүйцэтгэлийг хэмжиж эхлэсэн байна. Түүнээс хойш хувь хүний гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын бодлого хөгжүүлэх, зорилго зорилтонд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ, олон хувьсагчтай үнэлгээний систем гэх мэтчилэн хувьсан өөрчлөгдсөөр байна.

Харин 2022 онд гүйцэтгэлийн удирдлагын салбарт дараах 3 гол чиг хандлага гарч байна :

  1. Хайбрид ажиллах хэв маягийн нөлөө
  2. Тасралтгүй үнэлгээний тогтолцоо
  3. Бодит хугацааны датанд суурилсан гүйцэтгэл

 

Гүйцэтгэлийн удирдлагын чиг хандлага №1 : Хайбрид ажиллах хэв маягийн нөлөө

Цар тахлын нөлөөгөөр бүхий л байгууллагын хувьд зайнаас ажиллах хэв маягийг нэвтрүүлснээр ажилтнууд өнөөдөр зайнаас болон оффистоо хослуулан ажиллах уян хатан ажиллах хэв маягийг таашаах болжээ. Энэхүү уян хатан ажиллах хэв маягийн гол хүчин зүйлс нь байршил болон цаг хугацаа байдаг. Зарим ажлыг зайнаас хийх боломжтой байдаг бол зарим ажлыг заавал тодорхой байршлаас хийх шаардлагатай байдаг. Жишээ нь хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх ажилтан утас болон интернэт ашиглан байршил харгалзахгүйгээр ажиллаж болдог бол үсчин, маникюр эсвэл тогоочийн ажил заавал тодорхой байршилд очиж байж ажиллах шаардлагатай байдаг.

Уян хатан ажлын байрны бас нэг онцлог нь ажлаа хийх цаг хугацааг ажилтан өөрөө сонгох боломж байдаг. Тухайн ажлыг цаг хугацаанд нь хийж дуусгаж л байвал хэзээ хийх нь ажилтны сонголт байдаг.

Ажилтны уян хатан байдлаар ажиллах хүсэл сонирхлыг хангах хамгийн шилдэг шийдэл бол хайбрид ажиллах хэв маяг юм. Энэ нь байгууллага, ажлын байрны онцлогоос шалтгаалан долоон хоногийн зарим өдрүүдэд гэрээсээ, зарим өдрүүдэд оффистоо ажиллах зарчим юм.

 

Гүйцэтгэлийн удирдлагын чиг хандлага №2 : Тасралтгүй үнэлэх тогтолцоо

Энэ жил гүйцэтгэлийн удирдлагын онцлох чиг хандлага нь тасралтгүй үнэлгээний тогтолцоо юм. Гүйцэтгэлийг жилдээ нэг эсвэл хагас жилдээ нэг удаа үнэлэх биш, байнга тасралтгүй хийх нь бодит хугацаанд үр дүнгээ харах, хурдан хугацаанд сайжруулж, өсөлтийг бий болгох ач холбогдолтой.

Долоон хоног тутам, эсвэл сар бүр гүйцэтгэлээ үнэлж, үнэлгээн дээр саналаа ярилцаж байх нь ажилтан удирдлага хоорондын эрүүл, сайн харилцааг бий болгох, гүйцэтгэлийг хэмжих үйл ажиллагааг бодит хугацаанд хийх боломжийг бий болгодог чухал ач холбогдолтой.

 

Гүйцэтгэлийн удирдлагын чиг хандлага №3 : Бодит хугацааны датанд суурилсан гүйцэтгэл

Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинд мэдрэмжин дээр суурилсан шийдвэр гаргалтанд итгэх боломжгүй билээ. Өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд байгууллагууд илүү тоон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт хийж, гүйцэтгэлийг сайжруулах, хурд дагасан хөгжлийг дэмжих боломжтой юм.

 

Дүгнэн хэлэхэд энэ жил гүйцэтгэлийн удирдлагын салбарт ажлын уян хатан байдал, тогтмол харилцаа холбоо, тоон мэдээлэлд суурилсан үнэлгээ чухал ач холбогдолтой болж байна.