Дижитал эрин үед менежерүүдийн эзэмших шаардлагатай ур чадварууд

Түүнчлэн ажил олгогчдын зүгээс цахим шилжилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ашиглах чадвар эзэмшсэн менежерүүдийг хайж байна. Энэ нь хамгийн эрэлттэй, чухал ур чадварт тооцогдож байна гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрөөд байна.

Менежерүүдийн ажлын чадамжийг ажил олгогчид биш, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид үнэлдэг цаг үе ирсэн. Удирдлагадаа хичнээн гоё сайхан зүйл яриад ч бүтээгдэхүүн, үйлчилгээ нь борлуулагдахгүй байвал зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхөө больсон. Шалтгаан нь хэрэглэгч нар цахим инновацийг нэвтрүүлсэн байгууллагуудыг сонгох болжээ. Хэрэв менежер та энэ ур чадварт суралцахгүй бол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ өрсөлдөгч байгууллагаруу чинь чиглэх болно. Иймээс дижитал эрин үеийн менежерүүд дараах гурван ур чадвартай болох хэрэгтэй.

Нэгдүгээрт: Суралцах ур чадвар

Мэдээллийн технологийн программ хангамжийг хурдан хугацаанд суралцах арга барилтай болох хэрэгтэй. You tube, Google ашиглах юмуу энэ салбарын чадварлаг залуучуудаас асуух гэх мэт өөрийн аргачлалыг бий болгох нь чухал юм. Ямар нэг аргачлалыг олж авсныхаа дараа өөрийн ажилдаа шингээх, карьер хөгжлийн төлөвлөгөөндөө оруулах, таны ажлыг хөнгөвчлөх ямар мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байгааг байнга эрэлхийлж байх хэрэгтэй. Тодорхой нэгэн ажилдаа туршиж үзээд хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна.

Хоёрдугаарт: Аналитик ур чадвар

Мэдээллийн технологийн бүтээгдэхүүнүүд бизнесийн салбарт орж ирснээр “уран илтгэх” ур чадвар хэрэгцээгүй болж байна. Удирдлагууддаа уран гоё яриад нэг удаагийн галыг унтраах боловч хоёр дахь удаагийнхыг чадахгүй шүү дээ. Учир нь уран гоёоор ярих биш ямар нэгэн программ хангамж ашиглаж, бий болсон өгөгдлүүдийг хооронд нь харьцуулж, дүн шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Бизнесийн салбар бол маш хатуу, зөвхөн тоо, мөнгөн дүнгээр л өсөлт бууралт хэмжигдэнэ.  

Гуравдугаарт: Богино хугацаанд төлөвлөж дуусгах ур чадвар

Өмнө нь жижиг сажиг зүйлд ач холбогдол өгдөг ажилтныг буруушаадаг байсан бол орчин үед agile менежментрүү шилжиж байна. Маш хурдан хугацаанд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлага менежер бүрт тулгарч байна. Үүний тулд өөрийн ажлын онцлогт тохирсон программ хангамжийг эзэмших хэрэгтэй. Дараа нь бусаддаа зааж өгөх, хэрэглүүлэх гэх мэт арга хэмжээ авч болох юм. Багаараа богино хугацаанд эзэмшээд үр дүнг нь мэдрээрэй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд мэдээллийн технологийн программ хангамж бол менежер таны ажлын гарын авлага, багаж хэрэгсэл юм. Өөрийгөө мэдээллийн технологиос хол хөндий гэж бодолгүй, түүнийг ашиглаж үзээд амжилтыг гартаа авах хэрэгтэй. Хэн уг багажийг ашиглаж сурна, түүний бүтээмж нэмэгдэж, амжилт хурдсах болно.  

Нийтлэгч: “Могул Конасалтинг энд Сервис ХХК”-ийн Гүйцэтгэх Захирал Н.Жавхлан