Худалдан авалтын тренд

Ихэнхи байгууллагын хувьд худалдан авалт, хангамж нийлүүлэлтийн нэгж нь компанийн удирдлагуудын хамгийн бага ач холбогдол өгдөг хэсэг байдаг. Гэхдээ жилийн эцсийн тайлан гаргаж, орлого үр дүнгийн шинжилгээ хийх үед ашиг бага байгаагийн шалтгаануудын нэгэнд үйл ажиллагааны зардал, худалдан авалтын зардал өндөр байгаагаас болж байна гэсэн ойлголт ихээхэн гардаг.

Сүүлийн жилүүдэд худалдааны салбарын компаниудын нийлүүлэлт, хангамжийн хэсэг дээр гарч байгаа томоохон тренд хандлагууд юу байгааг судлаад үзэхэд дэлхий нийтээрээ дараах чиглэлүүдэд анхаарлаа хандуулж байна.

Аудио хувилбарыг сонсохыг хүсвэл энд дарна уу.

Нэгдүгээрт хамтын ажиллагааны чиглэл дээр компаниуд нийлүүлэгчтэйгээ хэр ойрхон ажиллаж чадаж байна, нийлүүлэгч нарын талаар хэр их мэдээлэлттэй байж, тэдэнтэй үр ашигтай бизнесийн харилцааг бий болгож чадаж байна уу гэдэгт анхаарлаа хандуулж байх гэсэн ойлголт.

Хоёрдугаарт худалдан авалтын салбарт ажиллаж байгаа хүний нөөц бол хоёр дахь том шалгуур буюу challenge болж байгаа юм.

Худалдан авалтын салбарт гарч ирж байгаа дараагийн чухал ойлголт бол Digital  Procurement буюу цахим худалдан авалт дэлхий нийтийн хэмжээнд гол тренд болж байгаа.

Цахим худалдан авах ажиллагааг яагаад сүүлийн үед компаниуд сонирхож байгаа гэвэл худалдан авах ажиллагаанд компаниуд маш их цаг хугацаа зарцуулдаг, мөн өмнө нь хэлсэнчлэн нийлүүлэгчийнхээ талаар мэдээлэл бага, нийлүүлэгчээ үнэлж чадахгүйгээс болоод нийлүүлэгчээ буруу сонгох, үүнээсээ болж тухайн худалдан авах процесс удааширч, төлөвлөгөө, гүйцэтгэл хоцрох гэх мэт олон эрсдлийг ар араасаа дагуулж байдаг. Иймээс худалдан авалтын салбарт дижитал технологийг ашиглах, тэр дундаа ERP системийг ашиглах хандлага дэлхий нийтээр ажиглагдаж байна.

"ERP систем болон худалдан авалтын дижитал системийг ашигласнаар худалдан авалтын өдөр тутмын процессыг удирдах боломжтой."

Дижитал худалдан авалт нь танд яг одоо, өдөр тутамдаа явагдаж байгаа нөхцөл байдлыг харуулдаг хянах самбарыг бий болгож өгснөөрөө илүү хурдан шийдвэр гаргах боломжтой болохоос гадна худалдан авалтын зардлын үр өгөөжийг жилийн эцсийн тайлангийн хурал дээр биш яг өнөөдөр харж, сайжруулах боломжийг олгодог юм.