ERP системийн зөвлөх компаниа хэрхэн сонгох вэ?

“ERP зөвлөх” гэдэг нь манай улсын хувьд цоо шинэ ойлголт юм. Байгууллагууд ямар нэгэн програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхдээ түүнийг хөгжүүлж буй хөгжүүлэлтийн багаас сургалт авч, өөрчлөлтүүдийг хийдэг байсан бол сүүлийн үед уг чиг хандлага өөрчлөгдөж байна. Учир нь бизнесийн програм хангамжууд байгууллагад нилээдгүй өөрчлөлтийг бий болгодог бөгөөд ялангуяа бизнес процесс буюу шийдвэр гаргалтын түвшинд тухайн програм хангамжаас гарч байгаа үр дүнгээс үндэслэн шийдвэр гаргалтууд хийгддэг. Програмист хүн бол техникийн асуудал дээр илүү төвлөрдөг, гэтэл бизнесийн шийдвэр гаргалт дээр програм ашиглах учраас байгууллагууд өөрийн салбарын онцлогийн талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй зөвлөх компаниудыг програм нэвтрүүлэлтийнхээ зөвлөх компаниар авч ажиллуулдаг жишиг олон улсад тогтчихоод байгаа билээ. Манай улсын хувьд энэ нь олон улсаас орж ирж байгаа шинэ, сайн туршлага гэж ойлгож болно.

Тэгэхээр танай байгууллага аль компанийг зөвлөхөөрөө сонгох вэ, зөвлөхийн хүрээнд юу хийх ёстой вэ гэдэг асуултууд урган гарч байгаа юм. Эдгээр асуултуудад хариулт өгөхөд доорх шалгууруудыг та бүхэнд санал болгоё.

Нэгдүгээрт: Зөвлөх компани нь програм хангамжийг танай байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, өөрчлөлтийг удирдаж чадах манлайлагч байх ёстой.

Хоёрдугаарт: Тухайн салбарын хамгийн сайн туршлагыг танай байгууллагад нэвтрүүлэх ёстой.

Гуравдугаарт: Програм нэвтрүүлэх процессийг удирдаж чаддаг, төслийн менежментийн арга барилтай байх шаардлагатай.

Дөрөвдүгээрт: Сургалтыг хамгийн оновчтой, зөв зохион байгуулалттай хийх талаар мэргэшсэн  байх ёстой.

Эдгээр ажлуудыг нэгэн зэрэг хийх чадвартай хүн байгууллагад байх нь ховор байдаг учраас зөвлөх компанийг авч ажиллуулдаг нь олон улсад туршигдсан, хамгийн сайн практик юм.

Хэрэв танай байгууллага шинэ систем нэвтрүүлэх гэж байгаа бол тухайн ажлыг удирдаж, хэрэгжүүлдэг зөвлөх багийг авч ажиллуулбал оновчтой талаар олон улсын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.