Шинэ үеийн ажиллах арга барил буюу уян хатан цагийн хуваарь

Өнөөдөр бид цаг бүртгэлийн уян хатан системийг бизнесийн бүх салбарт нэвтрүүлж болох эсэх талаар ярилцах гэж байна. Сүүлийн үед ажиллах хүчний зан төлөв өөрчлөгдөж, шинэ үеийн залууст тохируулсан алсаас ажиллах загварыг компаниуд ихээхэн нэвтрүүлж эхлээд байна. Харин үүнийг бизнесийн бүх салбарт нэвтрүүлэх боломжтой юу, ажилтныхаа ажлын бүтээмжийг хэрхэн хянах боломжтой вэ?

Мэдээж уян хатан цагийн хуваарийг бизнесийн бүх салбарт нэвтрүүлэх боломжтой. Хамгийн гол нь манай байгууллага дээр боломжгүй гэдэг айдсаа даван зөв шийдлээ олж, өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй.

Уян хатан цагийн хуваарь гэхээр заавал өглөө 8-10 цагийн хооронд ажилдаа ирэх ёстой гэсэн байдлаар зохицуулах хандлагатай байдаг. Саяхан бид нэгэн байгууллага дээр арай өөр байдлаар уян хатан цагийн хуваарийг нэвтрүүлж үзсэн. Жишээлбэл тухайн байгууллагын ажилчдаас байгууллагын соёлын судлагаа авахад өглөө 9 цагаас ажил эхэлдэг ба яг ид түгжрэл дунд цагтаа амжиж ирэхэд хүндрэлтэй байдаг, мөн өглөө хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд 8.30 гэхэд ажил дээрээ ирж орой 18.30-с тарах хэрэгтэй болдог. Гэтэл 5 цагт хүүхдээ авах шаардлагатай болдог. Иймээс цагтаа ирж, явах нь их хүндрэлтэй байдаг гэсэн маш олон гомдол ирсэн. Нийгмийн олон асуудлуудыг байгууллага шийдвэрлэх бүрэн бололцоо байхгүй учраас бид тэр байгууллагад уян хатан цагийн хуваарь буюу өглөө 8.30 эсвэл 9 гэж ажил дээрээ ирсэн ч 17.00 цагт тарах боломжтойгоор зохицуулалт хийсэн. Ингэснээр ажилтнуудын хувьд өглөө хоцрохгүй ирдэг болсон, орой хүүхдээ цагт нь авдаг болсон давуу талтай.

Харин ийм төрлийн цагийн хуваарийг нэвтрүүлэхэд технологийн дэмжлэг хэрэгтэй болдог. Хүний нөөцийн автоматжуулалтын системийг нэвтрүүлж, ажилтны цагийн хуваарийг өөрийн байгууллагын онцлог, шинэ үеийн ажиллах хүчний онцлогт тохируулан тодорхойлсноор ажлын бүтээмжийг ирсэн явсан цагаар биш хийсэн бодит ажлаар дүгнэх боломжтой болох юм.

 

Уян хатан цагийн хуваарь нэвтрүүлсний дараа байгууллагын соёлын судалгааг авахад сэтгэл ханамжтай байгаа байдал 30%-иар нэмэгдсэн байдаг. Хэдий бид ажилтнуудынхаа нийгмийн олон төрлийн асуудлыг шийдэж чадахгүй ч ядаж ажилтандаа цагаа зохион байгуулах, удирдах бололцоог нь олгосноор ажил амьдралын балансаа зөв гаргаж, байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах бололцоог нь 30% нэмэгдүүлдэг болох нь харагдсан.