Amazon компанийн Хиймэл оюунд суурилсан үйлчилгээ фэйшн салбарт хувьсал авчирч байна

Amazon компани өөрийн аппликэйшндээ StyleSnap нэртэй, хиймэл оюунд суурилсан шинэ үйлчилгээг өнгөрсөн оны 6-р сард танилцуулсан билээ. Энэ үйлчилгээний тусламжтайгаар  хэрэглэгч өөрийн сонирхсон хувцасны загварыг сэтгүүл, вэбсайтнаас авсан зургаар Amazon апп руу оруулснаар түүнтэй төстэй загварын бүтээгдэхүүнийг Amazon санал болгох юм.

Энэхүү StyleSnap үйлчилгээ нь computer vision технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн оруулсан гэрэл зурагнаас хувцасыг салгаж тодорхойлоод deep learning технологийн тусламжтайгаар тухайн хувцасны төрлийг тодорхойлж, ижил төстэй хувцсыг Amazon-ийн бүтээгдэхүүний сангаас хайж олон хэрэглэгчид санал болгодог юм.

Хувцас загварын моделиуд, сошиал нөлөөлөгчидийн гэрэл зургууд урьдчилан таамаглахын аргагүй, янз бүрийн байршилд, янз бүрийн байрлалаар зогсч, сууж, хэвтэж авахуулсан байдаг. Жишээ нь нэг нь далайн эрэгт наран шарлагын газар хэвтэж авахуулсан байхад нөгөө нь гудамжинд кофе бариад зогсч байгаа гэх мэт тодорхойлох аргагүй байдаг тул тухайн хүний өмссөн хувцсыг ялгаж харахын тулд computer vision технологиийг ашигладаг байна.

Deep learning гэдэг нь хиймэл оюунд суурилсан, machine learning технологийн нэг төрөл ба хүний тархины үйл ажиллагааг дуурайлган бүтээсэн гэж үздэг. Жишээ нь бид олон төрлийн даашинзны зураг оруулбал даашинзнуудын ялгааг тодорхойлж харуулах чадвартай юм. Ингэснээр таны оруулсан гэрэл зурагнаас моделийн өмссөн хувцсыг салгаж тодорхойлоод, түүний онцлог шинж чанаруудыг тодорхойлж, ижил төстэй бүтээгдэхүүнийг хайж олж харуулдаг байх нь.

StyleSnap үйлчилгээ хэрэглэгчид фэйшн зургийг худалдан авалтын сагс руу хөрвүүлж туслах зуур сошиал сүлжээний фэйшн нөлөөлөгчдөд сүлжээгээ өргөтгөх боломжийг нээж өгч байна. Amazon Influencer Program буюу Amazon-ийн сошиал нөлөөлөгчдөд зориулсан хөтөлбөрт оролцсоноор тухайн нөлөөлөгчийн сурталчилсан загвар худалдаалагдах тутамд тэд нэмэлт орлого олох боломжтой болжээ.

Дижитал хувьсал бизнесийн бүхий л салбарт нөлөөлж, уламжлалт бизнесийн загвар, зах зээлийн өрсөлдөөнийг шинэчлэсээр байна.