KPI : хэдэн төрөл байдаг вэ?

KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт нь байгууллагын гүйцэтгэлийг хэмжих, сайжруулахад хэрэглэгддэг менежментийн түгээмэл ашиглагддаг хэрэгсэл юм. KPI институтын тодорхойлсноор “ KPI бол гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлт ба байгууллагын үйл ажиллагааны хувьд тавигдсан зорилго, үр дүнд хүрэх гүйцэтгэлийн хэмжээг илэрхийлэх, хэмжигдэхүйц илэрхийлэл” юм.

Гүйцэтгэлийн үнэлгээний системийг байгууллагад нэвтрүүлэх явцад оновчтой KPI үзүүлэлтээ сонгох нь хамгийн чухал хэсэг байдаг. Байгууллагын тавьсан зорилго бүрт тохирох, зөв KPI –ийг сонгохын тулд менежерүүд KPI-ийн тухай өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. KPI-ийг тодорхой хэв шинжээр нь ангилж харах нь гүйцэтгэлийн үнэлгээгээ илүү оновчтой зохион байгуулахад тусладаг.

 Түгээмэл хэрэглэгддэг KPI ангиллууд : 

Тоон болон чанарын үзүүлэлт – KPI-ыг тодорхойлоход хамгийн түгээмэл ашиглагддаг хандлага. Тухайн үйл явцын шинж чанар, ойлголтыг хэмждэг KPI-ийг ихэвчлэн чанарын үзүүлэлт гэж үздэг. Бодит практик дээр бүх түлхүүр үзүүлэлтүүд тоогоор хэмжигддэг, хэдий чанарыг хэмжиж байгаа ч гэсэн тоонд хувирган ашигладаг.

Жишээ нь :

  • Чанарын үзүүлэлт : #Харилцагчийн сэтгэл ханамжийн индекс, #Олон улсын авилгалын индекс, #Үйлчилгээний чанарын түвшин
  • Тоон үзүүлэлт : #Нэг цагт боловсруулсан бүтээгдэхүүн, %Цагтаа хүргэсэн захиалга

Тэргүүлэх болон хоцрогдлын үзүүлэлт -  энэ ангилал нь KPI-уудын харилцан хамаарлыг тодорхойлдог. Тэргүүлэх болон хоцрогдлын ялгаа нь хэмжиж буй гүйцэтгэлийн агуулгандаа байдаг. Тэргүүлэх үзүүлэлт нь ирээдүйн үнэ цэнэд нөлөөлж чадах үзүүлэлтийг хэлдэг бол хоцрогдлын үзүүлэлт нь өмнөх хугацааны гүйцэтгэлийг харуулдаг.

Жишээ нь : $Ашиг өмнөх хугацааны ашгийг тооцож байвал хоцрогдлын үзүүлэлт, $Төсөв болохоороо тэргүүлэх үзүүлэлт болж хувирна.

Үр ашиг болон үр дүнгийн үзүүлэлт – энэ төрлийн үзүүлэлтүүд процессийн гүйцэтгэлийг хэмжихэд түгээмэл ашиглагддаг. Үр дүнгийн KPI нь хүлээгдэж байсан үр дүн гарсан эсэхийг хэмждэг бол Үр ашгийн үзүүлэлт нь цаг хугацаа, зардлын хувьд үр ашигтай байсан эсэхийг хэмжинэ.

Жишээ нь :

  • Үр ашигийн үзүүлэлт : $Хүргэлтийн дундаж өртөг, #Нэг ажилтны боловсруулсан ажил, #Захиалга боловсруулахад зарцуулах хугацаа
  • Үр дүнгийн үзүүлэлт : #Хүргэлтийн тоо, #Боловсруулсан захиалгын тоо

Оролт/процесс/гаралт/үр дүн – Байгууллагын хувьд тавигдаж байгаа зорилго, зорилтын хувьд үнэ цэнийн урсгалын шинжилгээ хийх нь гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтийг хэмжих илүү боломжийг бий болгодог. Энэхүү шинжилгээг хийх 4 үе шат тус бүрд холбогдох KPI үзүүлэлтүүд байдаг.

  • Оролтыг хэмжих KPI нь тухай зорилгыг биелүүлэхэд шаардлагатай цаг хугацаа, хүний нөөц, зардал гэх мэт нөөцүүдийг хэмждэг. Жишээ нь #Шаардлагатай хүний нөөц, $Төслийн төсөв
  • Процессийг хэмжих KPI хүлээгдэж буй үр дүнг гаргахад хийгдэх үйл ажиллагааг хэмждэг. #Нэхэмжлэл боловсруулах хугацаа, %Төхөөрөмж засварласан түвшин гэх мэт
  • Гаралтыг хэмжих KPI нь үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээний тоон эсвэл чанарын үзүүлэлтийг харуулдаг. #борлуулагдсан бүтээгдэхүүний тоо, #үйлдвэрлэсэн эрчим хүч гэх мэт
  • Үр дүнг илэрхийлэх KPI нь бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх замаар олж авсан нөлөөллийг хэмждэг. %зах зээлд эзлэх хувь, #харилцагчийн тоо гэх мэт

Үнэ цэнийн урсгалын шинжилгээ нь тухайн зорилгод хүрэх явцыг хэмжих, хянах хэд хэдэн KPI-ийг бий болгодог. Хамгийн чухал болон үр ашигтай байдлыг тооцож үзэн 2-3 KPI-ийг сонгон байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын карт буюу scorecard-д оруулдаг.

Стратегийн болон үйл ажиллагааний KPI – Түлхүүр үзүүлэлтүүдээ стратегийн болон үйл ажиллагааны зорилгоор ангилах нь тухай зорилго болон байгууллагын онцлогоос хамаарна. Зарим %зах зээлд эзлэх хувь, #харилцагчийн сэтгэл ханамжийн индекс, %ашгийн хувь, $борлуулалтын орлого гэх мэт KPI-ууд стратегийн түвшний хэмжүүрт орно. Үйл ажиллагааг хэмжих үзүүлэлтэнд #чанартай захиалгын түвшин, %алдааны түвшин гэх мэт KPI-уудыг ойлгож болно. Гэхдээ байгууллага эдгээр KPI-ийг өөрийн байгууллагын үнэ цэнэд нөлөөлөх хүчин зүйл гэж үзэж байвал алийг нь ч стратегийн хэмжүүр гэж авч үзэх боломжтой.

 

Практикт, KPI-ийн ангиллыг зөв тодорхойлж ойлгох нь нь ялгаатай нөхцөл байдалд KPI хэрхэн ашиглах, тухайн зорилгын хувьд ямар ямар үзүүлэлтээр хэмжиж болох талаар ойлгоход тусладаг. KPI-ийг сонгохдоо эдгээр ангиллыг авч үзснээр байгууллагууд үзүүлэлтийн хэмжилтийг тэнцвэржүүлж, үйл ажиллагааны чиглэлээс хамааран дээр дурдсан төрлүүдээс зөв KPI-ийг сонгож, үр ашиг / үр нөлөө, тэргүүлэх / хоцрогдол, стратегийн / гүйцэтгэлийн үзүүлэлтүүдээ оновчтой үнэлэх боломжтой болно.

 

Мэдээллийн эх сурвалж : https://www.performancemagazine.org/kpis-how-many-types-are-there/