Зайнаас ажиллах соёлыг бүрдүүлэхэд өгөх 3 зөвлөгөө

Ажилтнууд зайнаас ажилласанаар ажлын бүтээмж болон сэтгэл ханамж өсдөг, ажлаас гарах магадлал буурдаг тухай Harvard Business Review нэгэн судалгаагаараа дүгнэсэн байдаг. Мэдээж ажилтны хувьд ажил руу явах цагаа хэмнэхээс эхлээд ажлын цагаа бүртгүүлэхгүй, ажиллах цагаа өөрөө хуваарилах, гэр бүлдээ цаг зарцуулах боломжтой болох гэх мэт олон давуу тал бий болдог.

Харин ажил олгогчийн хувьд ажилтны ажлын гүйцэтгэлийг цаг бүртгэлгүйгээр зайнаас удирдах шаардлага гарч ирнэ. Тийм учраас хуучин баримталж байсан дүрэм журам, гүйцэтгэлийн удирдлага зайнаас ажиллах нөхцөлд тохирохоо больдог.

  1. ТЕХНОЛОГИЙН ЗӨВ ШИЙДЛИЙГ АШИГЛАХ

Зайнаас ажиллах хэв маяг нь технологийн хурдтай хөгжлийн үр дүнд бий болсон шинэлэг арга барил гэж хэлж болно. Тийм ч учраас зайнаас ажиллахад зориулсан олон төрлийн програм хангамжууд хөгжсөн байдаг. Танай байгууллагын онцлогт тохирох зөв технологийн шийдлээ сонгох нь зайнаас ажиллаж эхлэх эхний чухал алхам юм.

Програмын шийдэл ашиглан бид онлайнаар уулзалт, хурал зохион байгуулах, файл мэдээллээ хуваалцах, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлээ хянах боломжтой болно.

Манай байгууллагын хувьд GreenERP систем дээр борлуулалт, санхүү, хүний нөөцийн үйл ажиллагаагаа онлайнаар бүртгэж ажилладаг. Харин багийн хамтын ажиллагааг дэмжих Microsoft Office 365 цогц программыг ашигладаг. Office 365 нь дотроо Outlook мэйл сервер, Skype business voice chat, Word, Excel г.м ажлын програмуудыг бүгдийг нь үүлэн шийдэлтэй холбож, гар утаснаас нэвтрэх боломжтой болгосон байдгаараа онцлог.

 

  1. ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМЭЭ ШИНЭЧЛЭХ

Бүгд нэг дор ажиллах үед ажилтнуудын хир хичээл зүтгэлтэй ажиллаж байгааг харж мэдэх боломжтой байдаг. Харин зайнаас ажиллаж байгаа үед энэ боломжгүй.

Ажилтнууд ялгаатай байрлалаас ажил үүргээ гүйцэтгэдэг байгууллагын хувьд тэдний ажлын бүтээмж, гүйцэтгэлийг удирдах, хянахын тулд цаг бүртгэлээр биш зорилгоор удирдах нь хамгийн том сорил болдог. Байгууллагын стратеги зорилтууд, алба хэлтсийн зорилго зорилтууд, ажилтан тус бүрийн зорилгуудыг уялдаа холбоотой зөв тодорхойлж, түүнийг хэмжих KPI үзүүлэлтүүдийг оновчтой сонгож өгснөөр байгууллагад Гүйцэтгэлийн удирдлагын зөв систем ажиллаж, ажилтны цагийг бүртгэх шаардлагагүй болно. Гүйцэтгэсэн ажлын үр дүнд суурилсан гүйцэтгэлийн үнэлгээ буюу ажилтны хувьд хамгийн шударга үнэлгээний систем бий болно.

Өдрийн цагаар унтлагын хувцастайгаа компьютерийн ард суух уу, өдөр нь фитнесстээ яваад шөнө нь ажлаа хийх үү, тэдний л дур. Харин тавьсан зорилгоо биелүүлж, төлөвлөсөн ажлаа цаг хугацаандаа хийж гүйцэтгэж байгаа эсэх нь байгууллагын хувьд чухал болно л гэсэн үг.

 

  1. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ТУХАЙ МАРТАЖ БОЛОХГҮЙ

Байгууллагын соёлыг зөв бүрдүүлэх нь Хүний нөөцийнхний хувьд онцгой анхаарах асуудал байдаг, харин ажилтнууд зайнаас ажиллаж байгаа үед энэ нь бүр ч хэцүү даалгавар байх болно. Хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

Өдөр бүр уулзаж ярилцах, өдрийн хоолонд цуг орох, лифтэнд явахдаа мэдээлэл солилцох, кофе уух зуураа үүсгэдэг хувийн харилцааг ямар ч технологийн шийдэл орлож чадахгүй. Тийм учраас долоон хоногийн багийн уулзалт, багийн уур амьсгалыг дэмжих арга хэмжээнүүдэд илүү анхаарал тавихыг зөвлөж байна.