ERP нэвтрүүлэх төслийн төсөвийг хэрхэн тооцох вэ

ERP систем нэвтрүүлэх эсэхээ шийдэхийн өмнө хамгийн түрүүнд тооцох ёстой асуудал бол энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ. ERP систем нь ямар үнэ өртөгтэй байдаг, түүнийг нэвтрүүлэх үйлчилгээний хөлс, техникийн дэд бүтцийг сайжруулах хэрэгцээтэй эсэх түүнтэй холбоотой зардал гэх мэт тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх зардлыг тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлж, манай байгууллага энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг энэ ондоо хийх боломжтой юу, энэхүү төслийг хэрэгжүүлэх нь байгууллагад ямар асуудлыг шийдвэрлэж, ямар үр ашиг авчрах уу гэх мэт чухал асуултуудад хариулах хэрэгтэй болно.

Байгууллагууд төсвөө бодит бус тооцоолсон байдаг нь ERP нэвтрүүлэх төслийн амжилтгүй болох шалтгаануудын нэг байдаг. Учир нь төсвийн хэтрэлтээс болж шаардлагатай алхамуудаа хэрэгжүүлэхгүй төслийг нурахад хүргэдэг.

Төслийн зардлыг тооцохдоо зөвхөн ERP нийлүүлэгчээс авсан үнээр төсөөлж болохгүй. Системээ нэвтрүүлэхтэй холбоотой олон төрлийн зардлуудыг зайлшгүй тусгах шаардлагатай болохыг зөвлөж байна.

 

ERP нэвтрүүлэх төсөлд гардаг түгээмэл зардлын төрлүүд

ERP нэвтрүүлэх төслийнхөө үр ашгийг бодитой тооцохын тулд эдгээр зардлууд болон шаардагдах нөөцүүдийг заавал тооцож үзээрэй.

ERP зөвлөх үйлчилгээ

ERP системийг байгууллагад нэвтрүүлэхийн тулд тухайн байгууллагын одоогийн процесс, системийн процесс хоёрын нийцлийг шинжилж, байгууллагын зарим процесс дээр өөрчлөлт хийх, системийн зарим хэсэгт нэмэлт өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага гардаг. Үүний дараа байгууллагын хэрэгцээнд тохируулан системийн тохиргоо өөрчлөлтүүдийг хийж, систем ашиглалтын зааварчилгаа сургалт зохион байгуулах, хэрэглэгчдийг бэлдэх, дата өгөгдлүүдийг системд хөрвүүлэх гэх мэтээр ERP нэвтрүүлэх мэргэжлийн байгууллагын зөвлөх  үйлчилгээний зардал зайлшгүй тусгагддаг.

Өөрчлөлтийн удирдлага

Бизнесийн процессуудыг автоматжуулах энэ төслийн хүрээнд байгууллагын дотоод үйл ажиллагаанд олон өөрчлөлтүүд бий болдог. Эдгээрийг үр дүнтэй удирдах, үүнтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах зардал, нөөцөө урьдчилан тооцоолох хэрэгтэй байдаг. Жишээ нь шинээр ашиглаж эхлэх програм хангамжийг байгууллагын бүхий л ажилтнуудад сургах, ашиглуулахын тулд цөөнгүй удаагийн уулзалт, сургалт бусад арга хэмжээг авах шаардлагатай болдог.

Бизнес процессийн удирдлага

ERP шийдлийн тусламжтайгаар бизнесийн процессуудыг стандартжуулж, автоматжуулах, дахин загварчлан сайжруулах боломжтой болдог. Энэ үйл ажиллагаа нь байгууллагын дотоод ажилтнуудын оролцоотой хийгддэг ба тэдний зарцуулах цаг хугацаа, түүнтэй холбоотой зардлыг тооцох нь чухал.

IT дэд бүтцийн сайжруулалт

Сүүлийн үеийн технологид суурилсан ERP систем нэвтрүүлж ашиглахын тулд танай байгууллагын IT дэд бүтэц түүнийг дэмждэг байх шаардлагатай. Сервер, датацентр, компьютерууд, дотоод сүлжээний хүчин чадал гээд дэд бүтцийн хүчин чадлаа сайжруулахад шаардлагатай зардлаа тооцно.

Төслийн хугацаа хэтрэлт

Төсөлд зарцуулах нөөцийг хэтэрхий нарийвчлалтай тооцох нь бага зэргийн хугацааны өөрчлөлт ороход ихээхэн эрсдэл авчирдаг. Төслийн хугацааг хэтрүүлэхгүйн тулд төлөвлөлтөн дээр маш анхааралтай ажиллах, системийн шинжилгээ хийх, тестлэх, дата хөрвүүлэх гэх мэт ажлуудыг төлөвлөгөөндөө оруулсан эсэхээ шалгаарай.