OKR систем гэж юу вэ? Яагаад шилдэг компаниуд түүнийг хэрэглэдэг вэ?

Google компанийн агуу амжилтыг хүн бүр мэддэг. Гэхдээ түүнд хэрхэн хүрсэн болохыг тэр бүр мэддэггүй. Google-ийн сансрын хурдтай өсөлтийн нууц нь гүйцэтгэлийн удирдлагын техник болох OKR буюу Objective and Key Results юм. OKR нь байгууллагын зорилгод хүрэх баг бүрийн ажлын гүйцэтгэлийг удирддаг аргачлал юм. Google компани энэхүү системийг тасралтгүй өсөлтийг авчрах онцгой хэрэгсэл гэж үзсэн байдаг.

Google бол энэ системийг ашиглаж, зорилгоо тодорхойлон гүйцэтгэлээ хянадаг цорын ганц компани биш юм. LinkedIn, Twitter болон Uber компаниуд ч мөн OKR-ийг ашигладаг.

OKR аргачлалын үүссэн түүх

Google-ийн хөрөнгө оруулагч John Doerr 1975 онд Интелийн Andy Grove-ийн сургалтанд сууж байхдаа энэхүү аргачлалтай танилцаж, түүнийг маш энгийн бөгөөд үр дүнтэй менежементийн хэрэгсэл болохыг олж харсан юм.

“Түлхүүр үр дүн нь хэмжигдэхүйц байх ёстой. Гүйцэтгэлийн хугацааны төгсгөлд ямар ч маргаангүйгээр зорилгодоо хүрч чадсан уу чадаагүй юу гэдгээ харах боломжтой, маш энгийн аргачлал” гэж Grove тодорхойлсон байдаг.

OKR бидэнд 10 дахин хурдтай өсөлтийг авчирсан. Бидний “Дэлхийн бүх мэдээллийг цэгцлэн зохион байгуулна” гэсэн галзуу хэтийн зорилгыг маань хүрч болохуйц болгож өгсөн. Энэ аргачлал надыг болон манай багийг хамгийн чухал үед цаг хугацаандаа төлөвлөсөн замналаараа явахад маань тусласан гэж Google-ийн үүсгэн байгуулагч Larry Page бичсэн байдаг.

OKR-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлно. Дараа нь түүнд хүрсэн эсэхийг илэрхийлэх түлхүүр үр дүнгүүдийг тодорхойлно. Эдгээр нь тоогоор илэрхийлж болох, хүрч болох, хүрэхэд хэцүү ч тодорхой түвшингээр дүгнэх боломжтой байх хэрэгтэй. Өсөлт, гүйцэтгэл, борлуулалтын орлого болон эерэг үр дүнд суурилсан байна.

Гүйцэтгэлийн явцыг дүгнэх нь

Зорилго болон түлхүүр үр дүнгүүдээ тодорхойлсон бол гүйцэтгэлийн явцыг тогтмол шалгаж, үр дүнг нийтэд нээлттэй мэдээллэх хэрэгтэй. Энэ компанийн топ удирдлагаас эхлээд бүх ажилтнуудад хамааралтай. OKR-ийн амжилттай хэрэгжилтийн түлхүүр нь байгууллагын бүх гишүүд өөрсдийн зорилго, багийн бусад гишүүдийн зорилгыг ойлгомжтойгоор мэддэг байх явдал юм.

Үүнээс гадна явцын үр дүнгээ тайлагнахдаа амжилтыг шагнаж урамшуулахаа мартаж болохгүй. Зорилгод хүрсэн үед эсвэл маш онцгой ахиц хийгдсэн үед урамшуулж тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр шаргуу хөдөлмөрлөсөн багийг тань урамшуулж, багийн гишүүдийн харилцааг сайжруулахаас гадна цаашид улам бүтээмжтэй ажиллахад туслах болно.

OKR жишээ

Илүү сайн ойлгохын тулд маркетингийн багийн имэйл маркетингийн ажлын жишээг авч үзье.

Зорилго :

· 3-р улиралд имэйл маркетинг ашиглан шинэ хэрэглэгчийн тоог 50% өсгөх

Түлхүүр үр дүнгүүд :

· Имэйл нээх хувийг 50% өсгөх

· Имэйл дээр клик хийж дарах хувийг 30% өсгөх

· Имэйлээс гарах хувийг 20%-аар бууруулах

Эндээс харвал маш ойлгомжтой, хүч чадал сорьсон зорилгыг тавьсан байна.

OKR аргачлалын давуу талууд

Хэрэгжүүлэх процесс энгийн байдал нь гайхалтай хэдий ч түүнээс гарах давуу талууд нь бүр илүү гайхалтай. Энэ аргачлал нь байгууллагын, алба хэлтсийн болон хувь хүний алсын хараа, хэтийн зорилго, зорилтуудыг ил тод болгож, нүүрэн хэсэгт гаргаж ирдэг. Хүмүүс ямар үр дүн хүлээгдэж байгааг, тэдний хийж байгаа ажил компанийн, алба хэлтсийн, багийн том зорилготой хэрхэн уялдаж байгааг мэддэг байх нь чухал.

OKR аргачлалын нэг давуу тал нь түүнийг ашиглахад хялбар бөгөөд цаг хугацаа бага зарцуулна. Хүн бүр ойлгоход хялбар, уулзалтаар яригдах зүйлс тодорхой, тус бүрийнхээ ажлын явцыг сайн ойлгосноор өөрийн хариуцаж буй ажилдаа хариуцлагатай байж, цаг үрсэн олон уулзалтуудаас сэргийлж чаддаг.

Менежерүүд OKR-т дуртай. Учир нь энэ арга ажилтнуудыг идэвхижүүлж, байгууллагын нэгдсэн зорилгыг ойлгож хамтран ажиллахад тусладаг. Ажилтнууд чухал зорилгодоо төвлөрч чаддаг. Ерөнхийдөө гүйцэтгэлийн удирдлагын OKR аргачлал нь байгууллагын төвлөрөл, бүтээмжийг гайхалтай өсгөж өгдөг.