Forbes сэтгүүлийн саяхны нэгэн судалгаанд эдийн засгийн эргэлзээ, таамаглах боломжгүй нөхцөл байдал нэмэгдэхийн хэрээр удирдлагууд өрсөлдөх чадвараа хадгалах стратеги хайж, гаднын мэргэжилтнүүдэд хандах нь ихэссэн тухай бичсэн байна. Үүний үр дүнд зөвлөх үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, 2014 оноос хойш 774,100 компани 259 тэрбум долларын зах зээлийг бий болгосноор зах зээлийн хэмжээ 3.4%-аар өссөн байна. Гэхдээ эдгээр олон зөвлөх компаниуд болон үйлчилгээнүүд дотроос бизнес эрхлэгч өөрийн компанийн өвөрмөц, дахин давтагдашгүй хэрэгцээнд нийцэх тийм зөв зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгох нь маш онцгой сорил болж байгаа талаар бичсэн байдаг.
Харин Infodesk компанийн хийсэн судалгаанд зөвлөх үйлчилгээний салбар ирэх жил цар тахлын нөлөөгөөр 14%-аар буурах төлөвтэй байна гэж таамагласан. Тэдний тооцоогоор бол компаниуд цар тахлын нөхцөл байдлаас болж зардлаа бууруулах нь хамгийн эхний сонголт байх нь мэдээжийн хэрэг гэжээ. Тэр тусмаа зөвлөх үйлчилгээ, аутсорсинг үйлчилгээний гэрээнүүдээ хамгийн эхэнд цуцална гэж таамаглаж байгаа юм байна.
Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үзүүлэлт харин ч эсрэгээрээ байх бөгөөд компаниуд энэ хүнд нөхцөлд компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд зөвлөх үйлчилгээний хэрэгцээ өсөн нэмэгдэх болно гэж дүгнэсэн олон судалгааны ажлыг харж болно.
Аль ч тохиолдолд бизнес эрхлэгчид зөвлөх үйлчилгээг сонгохдоо яг ямар үнэ цэнэ авахыгаа тодорхойлж, өөрийн байгууллагад тохирсон зөв үйлчилгээг сонгох хэрэгтэй болох нь харагдаж байна. Тиймээс бид зөвлөх үйлчилгээ нь байгууллагуудад ямар үнэ цэнийг хүргэдэг болохыг хүргэж байна.
Салбарын туршлага
Салбарын шилдэг туршлага, туршигдсан аргачлал. Тэд өөрийн салбартаа танаас хэд дахин илүү олон төсөл дээр ажиллаж үзсэн хэн нэгэн байх болно. Тиймээ тэд туршлагыг бий болгодог, хуримтлуулдаг. Салбартаа мэргэшсэн зөвлөхийн туршлага, мэдлэг, арга барилыг та өөрийн компанидаа бий болгох нь Зөвлөх үйлчилгээ авах зардлаас хэд дахин илүү гарах болно.
Харах өнцгийг тохируулагч
Менежментийн зөвлөхүүд яг үнэндээ танд таны бизнесийг хэрхэн яаж хийхийг заахаас илүүтэй бизнесээ хэрхэн харж ойлгож байгаа, хүмүүсийн харах өнцөг дээр анхаарлаа хандуулах нь олонтаа. Таны асуудлыг танаас өөр хэн ч хамгийн сайн илрүүлж бас шийдэж чадахгүй гэдэг үг байдаг шүү дээ. Зөвлөх үйлчилгээ авсан бол таны бүх асуудал шийдэгдлээ гэсэн үг биш. Зөвлөхүүд таны асуудал яг хаана байгаа вэ? гэдгийг олох аргачлалыг л танд зааж өгдөг. Ерөнхийдөө бол таныг хайрцагнаасаа гарч сэтгэхэд тусална.
Зардлын хэмнэлт
Зөвлөх үйлчилгээний танд бий болгож чадах хамгийн чухал үнэ цэнийн нэг нь тухайн ажлыг хийхэд шаардлагатай ур чадвар, туршлага бүхий орон тооны ажилтныг ажлуулах шаардлагагүй болно. Өндөр ур чадвар, өндөр туршлага нь өндөр цалингийн зардлыг бий болгоно. Энэ нь хэрэглэгчид үнэхээр маш олон талын зардлаа хэмнэхэд тусалдаг. Байгууллага шинэ ур чадвар, талентийг олж байгууллагадаа татах, халамжлан хөгжүүлэх, сургалт карьерийн боломжийг хангах гэх мэт олон үүргээс чөлөөлөгдөнө. Харин Зөвлөх үйлчилгээний байгууллага гэрээнд тохиролцсон асуудал дээр ажиллана, зөвлөх үйлчилгээгээ үзүүлнэ. Харилцан ашигтай үйл ажиллагаа дуусгаад тэдний өмнө та ямар үүрэг хүлээхгүй.
Бэлтгэсэн : Дэд захирал М.Урандөш