Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов. Энэ нь 21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе гэж тооцогдож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой өөрчлөлтүүдийг авчрах болжээ. (Баттулга, 2019)
Энэ технологийн хурдтай өөрчлөлт нь байгууллагын дотоод харилцааг бүхлээр нь өөрчилж байна.
Байгууллагын харилцаа гэдэг нь тодорхой орчинд, нийтлэг зорилгод хүрэхийн тулд, харилцан хамааралтай хүмүүсийн дунд мэдээлэл илгээх, хүлээн авах үйл ажиллагаа юм. Байгууллагын харилцаа нь сонгодог зарчмаараа бол биечилсэн, бичгийн болон зуучлалын гэсэн гурван төрлийн сувгаар явагддаг. (Hahn, 2019)
Сүүлийн үеийн судалгаагаар байгууллагуудын дотоод харилцаа холбоо нь мэдээлэл солилцохоосоо гадна ажилчдад бизнесээ ойлгоход нь туслах, гүйцэтгэлийн талаархи мэдээлэл өгөх зэрэг олон зорилгоор ашигладаг болж байна. Компаниуд ажилтнууддаа шинэ бүтээгдэхүүн, байгууллагын бүтцэд гарсан өөрчлөлт, саяхан эхлүүлсэн төслүүдийн талаархи мэдээллийг цаг тухайд нь хүргэх дээр ихээхэн анхаарч байна. Байгууллагын энэхүү харилцааны хөгжилд сошиал медиа ч маш хүчтэй орж ирж байна.
Forrester Research-ийн 2009 онд тооцоолсноор зайнаас ажиллагсдын тоо 34 сая байсан ба энэ тоо 2016 он гэхэд 63 сая болж өснө гэж таамаглаж байсан байна. Энэ ажиллах арга барилын өөрчлөлттэй холбоотойгоор байгууллагын харилцаанд найдвартай, интерактив аргуудын эрэлт нэмэгдэж байгаа тул дотоод сүлжээ, имэйл, сошиал медиа, түүний дотор видео уулзалт, вики, подкаст гэсэн технологид суурилсан харилцааны хэрэгслүүд чухал үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Эдгээр технологийн хэрэгслүүд нь нүүр нүүрээ харан уулзах харилцааг орлож чадахгүй гэдэг нь гарцаагүй, гэхдээ өнөөгийн байгууллагуудад хүмүүсийг хурдан шуурхай цуглуулах, хялбар, үр ашигтай байдлаар уулзалт харилцааг зохион байгуулахад давуу талаа үзүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд харилцааны сонгодог сувгуудыг шинэчлэж, технологид суурилсан харилцааны сувагууд нэмэгдсээр байна.
Zmud et al. (1990)-ийн Харилцааны сувгийн ангилал
Биечилсэн |
Нэг – нэг албан харилцаа Нэг – нэг албан бус харилцаа |
Багийн |
Багийн уулзалт (албан) Багийн цугларалт (албан бус) |
Бичгийн |
Гараар бичсэн тэмдэглэл Хэвлэмэл баримт бичиг, тайлан График, диаграм |
Уламжлалт харилцааны технологи |
Утас Дуут шуудан |
Компьютерт суурилсан харилцаа |
Имэйл Чат мэссэнжер Видео чат Дуут чат |
Greenberg (1987)-ийн томъёолсон байгууллагын харилцааны “Шударга ёсны онол”-оор харилцааны агуулгыг хэрхэн илэрхийлэх болон хүлээн авах нь тухайн харилцаанд оролцогч талуудын зан төлөв, төсөөллөөс шууд хамааралтай гэж үздэг. (Kupritz, 2011). Технологид суурилсан харилцааны сувгуудыг ашигласнаар харилцагч талуудын төсөөлөл, зан төлөвөөс хамааралтай байдал улам бүр нэмэгдэж байна. Жишээ нь байгууллагын дотоод мэссэнжер чатны харилцаанд бид ярьж байгаа хүний нүүрний хувирал, нүдний харц, биеийн хэлэмж болон дууны өнгө гэсэн мэдээллүүдийг авч чаддаггүй. Чатаар ирж байгаа текстэн мэдээллээс энэ бүхнийг хүлээн авагч тал өөрийн төсөөллөөр ойлгож байдаг. Нэг агуулгыг хүмүүс хэдэн ч янзаар ойлгож болдогийг бидний өнөөгийн сошиал медиа хэрэглээнээс харж болно.
Цахим хэрэгслүүдийн ашигласнаар харилцаанд гарч буй өөрчлөлтүүд
Харилцаа холбоог хялбар, үр ашигтай, орон зайн хамааралгүй болгож байна
“Орчин үеийн харилцаа холбооны технологийн дэвшил, бизнесийн глобальчлал нь удирдах ажилтнуудыг 24x7 ажиллахад хүргэж байна” гэж Beeson Consulting-ийн зөвлөх John Beeson хэлсэн байдаг. Технологи биднийг бараг бүх цаг үед холбогдох боломжтой байлгаж, урьд өмнө хэзээ ч байгаагүй илүү хялбар байдлаар уулзах, харилцах боломжийг олгож байна. Амралт зугаалгын үеэр ч гэсэн удирдах албан тушаалтнууд ихэвчлэн онлайнаар нээлттэй байдаг бөгөөд ажлын байран дээр гарсан онцгой байдлын үед хариу өгөхөд бэлэн байдаг. Энэ нь чухал нөхцөл байдалд шуурхай харилцаа үүсгэх, асуудлыг хурдан шийдвэрлэх, шаламгай ажиллах боломжийг олгож байгаа хэдий ч ажил-амьдралын тэнцвэрт байдлыг алдагдуулж байдаг сөрөг нөлөөтэй.
Хэт олон харилцааны хэрэгслүүд, сошиал медиа хэрэглээ нь ажилтны анхаарлыг сарниулж байна
MS Teams, Google meet, Viber, Messenger chat гээд хэдэн ч хэрэгслээр бид хэдэн ч хүнтэй зэрэг уулзаж чадна. Уулзалтынхаа хажуугаар бид хэн нэгэнтэй текст чат бичилцэж, утсаар ярих, фэйсбүүкээ шалгах гэх мэт олон үйлдлийг нэг дор хийх боломжийг бидэнд технологи бий болгож өгсөн. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай ч нөгөө талаас ажилтны анхаарлыг эдгээр бүх харилцааны сувгууд дээр зэрэг хандуулах боломжгүй учраас зарим ажлын чанар буурна, анхаарал тавиагүй үлдсэн харилцаан дээрээс үл ойлголцол үүсэх асуудлууд гардаг.
Ажилтнуудад урьд өмнө хэзээ ч байгаагүй их мэдээлэл нээлттэй болж байна
Орчин үеийн технологи нь ажилчдад шинэ мэдээлэл олж авах асар том боломжийг олгож байна. Хэрэв ажилтан шинэ зүйл сурахыг хүсвэл маш өргөн боломжууд байна :
- Онлайн сургалтанд хамрагдах;
- Туршлагатай зөвлөх, салбарын экспертийг дагах, зөвлөгөөг унших;
- Салбарын ном / гарын авлага, судагааг унших гэх мэт.
Байгууллагын харилцааны удирдлагад гарч байгаа эдгээр боломжуудыг оновчтой ашиглах, сөрөг талуудаас урьдчилан сэргийлэхийн тулд бид ажилтнуудын цахим ур чадвар, цахим соёлыг байгууллагадаа бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байна.
Ашиглагдсан материал :
Hahn, L. & Paynton, S. (2019). Organizational communication. In Survey of communication study. WikiBooks. https://en.wikibooks.org/wiki/Survey_of_Communication_Study/Chapter_11_-_Organizational_Communication
Н.Баттулга. (2019). Дижитал шилжилт. Эх үүсвэр : https://www.itzone.mn/content/blog/show/385
Tyrväinen, Pasi & Päivärinta, Tero. (2005). How Digital is Communication in Your Organization?. 10.1007/1–4020–2673–0_30.
Kupritz, Virginia & Cowell, Eva. (2011). Productive Management Communication Online and Face-to-Face. Journal of Business Communication. 48. 54–82. 10.1177/0021943610385656.