Орон нутгийн хөгжлийн сангийн шинэчилсэн Мэдээллийн системийг ашиглалтанд орууллаа

Нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй, ил тод болгох шийдэл бүхий Мэдээллийн системийг шинэчлэгдэн ашиглалтанд орлоо. Энэ мэдээллийн системийн вэбсайтаар дамжуулан тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн үйл явцад хяналт тавих, цаг тухайд нь мэдээлэл авах, санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдэж буйгаараа шинэлэг юм.

Иргэдэд зориулсан нээлттэй вебсайтаас гадна ОНХС-гийн үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулан хурдан шуурхай явах нөхцөл бүрдсэн систем болсоныг онцлон дурдмаар байна. ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцогч бүхий л талууд нэгдсэн нэг систем дээрээ ажилласанаар иргэд, судлаачид, ТББ болон шийдвэр гаргагч нарт доорхи боломжууд нээгдсэн юм. Үүнд:

  1. Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн  төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн явц, гүйцэтгэлийн мэдээллийг иргэд нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр үзэж танилцах
  2. Иргэдийн зүгээс санхүүжилтийн гүйцэтгэл, төсөл арга хэмжээний нэр, эхлэх болон дуусах хугацаа, төсөвт өртөг, гэрээний дүн, зарцуулалт, байршлын мэдээлэлтэй дэлгэрэнгүй байдлаар танилцаж, өөрсдийн санал хүсэлтийг илгээх
  3. Өөрийн амьдарч буй аймаг, сум, багт чиглэсэн ОНХС-аас батлагдсан төсөв, санхүүжилт төсөв, нийт гэрээний мөнгөн дүн, зарцуулалт зэрэгтэй танилцахаас гадна тухайн зорилтот төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд хэдэн иргэн санал өгч, хэдийг нь Иргэдийн Нийтийн Хурлаас баталж эрэмбэлэн, хэдийг нь Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлаас баталсан зэрэг гэсэн тоон мэдээлэлтэй танилцах
  4. ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зарцуулсан салбар тус бүрээр нь ангилж харуулсан нь иргэдийн хувьд цаг үеэ олсон мэдээлэл болох юм. Уг салбаруудад хөдөө аж ахуй, ус хангамж, мэдээлэл холбоо, төрийн удирдлага, эрүүл мэнд, нийтийн ахуйн үйлчилгээ, цахилгаан агааржуулалт, барилга, удирдлагын дэмжлэг үзүүлэх, боловсрол, урлаг үзвэр, байгаль орчныг хамгаалах гэсэн салбарууд багтжээ.


Энэхүү “Удирдлагын мэдээллийн систем”/УМС/ болон Олон нийтэд зориулсан портал сайтыг “Тогтвортой амжиргаа-3” төслийн хүрээнд МУ-ын Сангийн Яам, Орон нутгийн хөгжлийн сан хамтран үүсгэн байгуулсан ба төслийн гүйцэтгэгчээр Могул Консалтинг энд Сервис компани ажиллаа.

 


Могул Консалтинг энд Сервис компани нь цахим шилжилтийн мэргэшсэн зөвлөх компани бөгөөд уг төслөөрөө иргэн бүр улсын хэмжээний тоон мэдээлэлтэй танилцах, тоон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх, иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгохыг зорьсон байна.


 

ОНХС-ын вэбсайт руу хандах холбоос: http://tusuv-oronnutag.mof.gov.mn/ , http://onhs.mof.gov.mn/