Ковидын дараах шинэ амьдралын хэв маяг /New normal/ нь ажилтнуудад нэн шаардлагатай ур чадваруудын жагсаалтыг өөрчилж байна.

2020 он нь дэлхий нийтэд цар тахал дэгдсэн хүндхэн жил болж байна. Ковид-19 цар тахлын энэ үед бүхий л зүйл өөрчлөгдөж, түүнийг даган байгууллагууд бизнес модель, стратеги, бизнес процессуудаа дахин харах шаардлагатай нүүр тулж байна. Үүний хамгийн чухал хүчин зүйл нь хүн хоорондын зай барих бөгөөд энэ нь зайнаас ажиллах, зайнаас харилцах нөхцлийг байгууллагуудад тулган цахим шилжилтийн явцыг түргэсгэж байна.

Энэ шинэ сорилт, шилжилтэнд байгууллагууд болон ажилтнууд богино хугацаанд дасан зохицож, шинэ хэв маягт ажиллах талаар аль хэдийн өөр өөрсдийн арга барил төлөвлөгөөг бий болгож эхлэсэн байна. Hootsuite маркетингийн агентлагийн үүсгэн байгуулагч Ryan Holmes-ийн “Технологи ба Ажил” цувралын #8 нийтлэлд “Зайнаас ажиллах болон Оффисд ажиллах” талаарх 15979 хүнээс санал асуухад 9% нь өдөр бүр ажилдаа очихыг хүсдэг, харин 51% нь долоо хоногт 2 удаа, 28% сард 1-2 удаа, 13% нь бүрэн зайнаас ажиллахыг илүүд үзсэн байна. Үүнээс харахад ирээдүйд ажилтнууд зайнаас ажиллах хандлага ажиглагдаж байна.


Дэлхийн эдийн засгийн форумын The Future of Jobs Report 2020 тайланд бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудтай зэрэгцэн стрэссээ удирдах, идэвхитэй суралцах, уян хатан байдал зэрэг хувийн менежментийн ур чадварууд топ 10 ур чадварт анх удаагаа дээгүүр орж ирсэн байна.

Дээрх тайлангаас харахад цахим технологи болон хувийн менежментийн ур чадварууд чухал болж байгаа нь харагдаж байна.

Ковид-19 цар тахлын үед тогтоосон хөл хорио нь цахим шилжилтийг хурдасгах голлох нөлөө үзүүллээ. Хэдийгээр технологи нь огт шинэ зүйл биш боловч энэ цаг үед болон цар тахлын дараах өөрчлөгдсөн шинэ хэвийн байдалд дасан зохицоход зайлшгүй хурдан хугацаанд суралцах ёстой ур чадаваруудад цахим ур чадвар, цахим технологийг ойлгох түүнийг өдөр тутамдаа түүртхээргүй хэрэглэж чадах ёстой болж байгааг McKinsey зэрэг судалгааны томоохон байгуулагууд онцлож байна. Цахим технологийн ур чадвар гэдэг цахим техник төхөөрөмжүүд хэрэглээ, програм хангамжууд, нийгмийн сүлжээ зэргийг ашиглан контент бүтээх түүнийгээ бусадтай хуваалцах цахимаар харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг үндсэн ур чадваруудаас гадна, дата өгөгдлийн тухай ойлголтууд, дата цугуулах, цугуулсан датан дээрээ технологи алгоритм ашиглан боловсруулалт хийх цахим нууцлал аюулгүй байдлаа хангах, machine learning, хиймэл оюун ухаан, визуаль график ашиглах зэрэг ахисан түвшиний ур чадварууд багтаж байна.

Өмнө нь ажлын байран дээрээ багаараа зохион байгуулалттай хийгддэг байсан байгууллагын харилцаа, бизнес процесийн удирдлага, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон нийтийн харилцаа зэрэг бүхий л үйл явц өөрчлөгдөх зайлшгүй хэрэгцээтэй тулгарч байна. Зайнаас ажиллах нөхцөлд хувийн сахилга баттай болох, өөрийгөө удирдан чиглүүлэх, ажил амралтын тэнцвэртэй байдлаа хангах, стрэссээ удирдах ур чадваруудаа сайжруулах нь ажилтнууд болон хүний нөөцийн менежерүүдийн өмнө нэн тэргүүнд тавигдаж байгаа сорилт болж байна. Уг сорилтыг давахын тулд ажилтан өөрийгөө таних, бие даан ажиллах чадварт тасралтай суралцах шаардлагатай болж байна. Үүнээс шалтгаалан өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалд байгууллагуудын ур чадварт зөрүү үүсэх нь тодорхой болсон байна. Уг зөрүүг арилгахын тулд байгууллагууд яаралтай ур чадварын тогтолцоогоо шинэчлэн хэрэгжүүлэх хэрэгцээтэй тулгарч байна.

 


Бэлтгэсэн : Төслийн менежер Б.Баярцэцэг