Програм нэвтрүүлэлтийн төсөлд тулгардаг бэрхшээлүүд

Програм хангамжийн салбар өөрөө маш хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж байдаг онцлогтой учир компанийн удирдлагууд, менежерүүд, хөгжүүлэгчид бүгд тасралтгүй хөгжиж, суралцаж, судлаж байх шаардлагатай байдаг.

Төслийн менежерүүдийн хувьд төслийн удирдлагын ур чадвараас гадна энэ салбарын өөрчлөлтүүдийг даган суралцаж байж төслийг амжилттай удирдаж чадна. Гарч болзошгүй эрсдэл, төслийн чанар, уялдаа холбоо, санхүүгийн болон бусад хүчин зүйлс төслийн амжилтанд нөлөөлж байдаг. Эдгээрээс гадна технологийн өөрчлөлтүүдийн хурд, салбарын өрсөлдөөн нэмэгдэж байгаа нөхцөлд төслийг цаг хугацаандаа, төсвийн хэтрэлтгүй, чанарын стандартыг ханган хэрэгжүүлэх нь маш олон ур чадварыг төслийн багаас шаарддаг.

  1. Програм хангамжийн мэдлэг дутмаг байдал

Байгууллагадаа тохирох програм хангамжийг сонгох нь цаг хугацаа их шаарддаг. Тохирсон програм хангамжаа нэвтрүүлэхэд шаардлагатай хүний нөөц, ур чадвар, төслийн багийг бүрдүүлэх эсвэл аутсорсинг хийн ажиллуулах нь түүнээс ч илүү түвэгтэй байдаг. Төслийн удирдлагын ур чадвар бүхий мэргэжилтнүүд ажиллаж болох хэдий ч ERP нэвтрүүлэх төсөл дээр илүү энэ төрлийн төсөл удирдаж байсан туршлага чухал байдаг. Ерөнхийдөө програм хангамж нарийн ажиллагаатай байх тусам, байгууллага том бүтэцтэй байх тусам програм хангамжийг нэвтрүүлж байсан төслийн удирдлагын туршлага илүү чухал болно.

  1. Ялгаатай түвшний хэрэглэгчдийн шаардлага

Бизнесийн байгууллагууд програм хангамжийг хэрэглэгчийн олон түвшинд ашигладаг. Ихэнх хэрэглэгчид үндсэн үйл ажиллагааны түвшинд ашигладаг бол зарим хэрэглэгчид илүү олон боломжуудыг шаарддаг, IT мэргэжилтнүүд администраторын түвшинд ашиглах хэрэгцээтэй байдаг. Програмыг нэвтрүүлэх явцад төслийн менежер бүх төрлийн хэрэглэгч тус бүрийн хэрэгцээ шаардлагыг судлах, түүнд тохируулан системийн үйл ажиллагааг тохируулан нэвтрүүлэх шаардлагатай болдог.

Зарим байгууллагууд ажилтан дээр суурилсан загвартай байдаг бол зарим нь ажлын байран дээр тулгуурласан чиг үүргийн зохион байгуулалттай байдаг. Байгууллагын энэ онцлогт тохируулан системийг амжилттай нэвтрүүлэхэд төслийн багт тухайн системийн ажиллагаа болон технологийн мэдлэг маш чухал.

  1. Хэрэглэгчдийн сургалт

Шинэ програм ашиглаж эхлэхэд байгууллагын дотоод хэрэглэгчид буюу ажилтнуудын оролцоо маш чухал. Нэвтрүүлэлтийн төсөл амжилттай дууссан хэдий ч ажилтнууд түүнийг ашиглахгүй бол програм хангамжаас хүлээж буй үр өгөөж гарахгүй. Ихэнх тохиолдолд шинэ програм ашиглаж эхлэх нь ажилтнуудын өдөр тутмын ажилд өөрчлөлт оруулж, байгууллагын процессийг тодорхой хэмжээгээр шинэчлэх шаардлага гардаг. Энэхүү өөрчлөлтийг байгууллагад нэвтрүүлэхийн тулд програм хангамж нэвтрүүлэх төслийн ажлын төлөвлөгөөнд хэрэглэгчдийг сургах, программ хангамжийг нутагшуулах хэсэг заавал багтдаг.

 

Байгууллагад ERP системийг ашиглаж эхлэх нь урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт байдаг учир оновчтой системээ сонгох, нэвтрүүлэлтийг амжилттай хэрэгжүүлэх нь маш чухал.

Програм хангамжийн салбар нь туйлын төвөгтэй бөгөөд Програм нэвтрүүлэх төслийн багаас програм хангамж хөгжүүлэх, програм хангамжийн тестчлэл, чанарын шалгалт, нэвтрүүлэлт, хэрэглэгчийн аюулгүй байдал, дотоод хяналт, хэрэглэгчийн удирдлага, өөрчлөлтийн удирдлага, бизнес процессийн удирдлага болон бусад олон салбарын мэдлэг, ур чадвар шаарддаг.