Цахим шилжилтийн гол цөм нь програм хангамж байдаг. Тийм учраас байгууллага бүрийн хувьд хүмүүсийн ажиллаж амьдрах хэв маяг, бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанарт цахим технологийн тусламжтайгаар өөрчлөлтийг нэвтрүүлэхэд нь орчин үеийн програм хангамжийн шийдлүүдийг санал болгох нь бидний хувьд маш чухал.
Програм хангамжийн салбарт сүүлийн арван жилд дараах 3 чиглэлд маш хүчтэй өөрчлөлтүүд бий болсон :
- Embedded : програм хангамж бизнесийг бүхлээр нь өөрчилж, уламжлалт загваруудыг шинэчлэн бүтээж байна. Сүүлийн үеийн бизнесүүдийн жишээ болох Tesla, Peloton, Amazon, Chipotle компаниуд нь бизнесийн гол цөм нь програм хангамж болсон, хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээгээрээ ялгарч байгаа байгууллагууд юм.
- Velocity : Шинэ програм хангамж, шинэ боломжуудыг бизнест нэвтрүүлэх хурд гайхалтай нэмэгдсэн. Нэгэн цагт “хүрхрээ/waterfall” гэж нэрлэгдэх хуучин арга барил ашигладаг байсан програм хангамжийн дараагийн хувилбарыг жил, сараар хүлээх өдрүүд өнгөрсөн. Өнөө үед програм хангамжийг хөгжүүлэх орчин үеийн "шаламгай/agile" аргачлал нь цоо шинэ функцууд, боломжуудыг хэдэн долоо хоногт эсвэл хэдэн өдрийн дотор л бизнест нэвтрүүлж байна.
- Cost : дэлхий даяар хөгжүүлэгдэж буй програм хангамжуудын тоо нэмэгдэхийн хирээр, шинэ технологиуд нэвтрэх тусам програм хангамж хөгжүүлэх зардал хурдтай буурч байна. Үүлэн технологид суурилсан шинэ програм хангамжийг дэлхийн хаанаас ч минутын дотор өөрийн байгууллагад тохируулан ашиглах боломжтой болж байна (no code/low code боломжийн тусламжтайгаар).
Сүүлийн үеийн хамгийн чухал тренд болох бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл явцад бүрэн өөрчлөлт авчирч байгаа технологи бол low code/new code-ийн эрин үе юм.
Энэ төрлийн програмын онцлог нь програм угсрагч нь уламжлалт програм хөгжүүлэгчид биш "иргэн хөгжүүлэгч" байх бөгөөд энэ нь код бичилгүйгээр програм угсрах сургалтанд хамрагдсан, технологийн чадавхитай хүн байх юм. Цахим өөрчлөлтийн гол төслүүдийг хурдасгахад туслах шинэ програм хангамжуудыг угсарч бүтээх юм.
Тэгвэл low code/no code гэж яг юуг хэлээд байна вэ? Энэ нь зах зээл дээр ямар боломжуудыг бий болгож байгаа вэ? Энэ нь хийсвэр сэтгээн дээр тулгуурласан, кодчилолын хамгийн бага мэдлэг шаардсан, програм хангамжуудыг өрж угсрах боломж юм. Хийсвэр сэтгэлгээ гэдгийг Lego угсрахтай зүйрлэж болно. Low code/no code програм ашигласнаар бий болж байгаа зарим боломжуудаас дурдвал :
- Хэрэглэгч өөрөө(програм хөгжүүлэгч байх албагүй) програм дээрээ код бичилгүйгээр хэрэгцээтэй талбарууд бүхий шинэ цонх үүсгэх
- Харилцагчийн үйлчилгээний менежер үйлчилгээний бүртгэл дээр “маш чухал” гэсэн талбарыг код бичилгүйгээр нэмэх
- HR мэргэжилтэн ажилтнууддаа зориулсан шинэ апп үүсгэж, дотоод судалгаагаа авахын тулд код бичилгүй үүсгэх
Хийсвэрлэл нь олон шинэ болон одоо байгаа программын хэрэгсэл, платформуудад нэвтэрсэн. Энэ нь нарийн түвшний код бичих шаардлагыг багасгаж, “иргэн хөгжүүлэгч”-д боломжуудыг бий болгосон. Өнөөдөр хийсвэрлэл нь ажилтан бүр програм хангамжийг бүтээлчээр ашиглах, шийдлийг өөрөө бий болгох боломж нь урьд өмнөхөөс илүү хялбар болсон.
Эдгээр кодгүй/бага кодтой платформуудын онцлог шинж чанар нь програм хангамжийн инженерийн ихээхэн цаг хугацаа зарцуулдаг код бичих ажлыг халж байгаа явдал юм. Кодгүй шийдэл нь “иргэн хөгжүүлэгч”-ийг бий болгосноор байгууллага дотроо програм хөгжүүлэгчгүйгээр програмаа сайжруулах, өөрчлөх боломжийг бий болгож байгаа юм.
Gartner-ийн дүгнэж байгаагаар no code/low code платформын ачаар ойрын 3-5 жилд програм хөгжүүлэлтийн 65% хүртэл хэсэг нь байгууллага дотооддоо хийх боломжтой болох юм гэжээ.
Байгууллагын цахим шилжилтийг хийхэд AI/ML, дата шинжилгээний технологиудаас гадна no code/low code платформ маш чухал үүрэг гүйцэтгэж орчин цагийн өрсөлдөөнд тэргүүлэхэд нь бизнесүүдэд туслах болно.