Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын системийг үр дүнтэй загварчлах нь

АНУ-ын зөвлөх үйлчилгээний фирм Achievers,  хатагтай Жозвиакын хэлсэнээр, сүүлийн үед хийгдсэн санал асуулгаас харахад ажилчдын 98% нь жил бүрийн ажлын гүйцэтгэлийн дүгнэлтийг үр дүнгүй буюу шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь гүйцэтгэлийн удирдлагын бүхий л үйл явцыг загварчлах арга, удирдлагын хандлага нь ажилчид гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хүлээж авахад асар их нөлөө үзүүлдэг байна. Зарим менежерүүдийн хувьд ажилчдын гүйцэтгэлийг үнэлэх нь дарамттай ажил байдаг байна.

 

Тэгэхээр менежерүүд болон ажилтнууд хамтдаа гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн үр дүнтэй хийх вэ?

Гүйцэтгэлийн удирдлагын системийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд KPI институтээс дараах алхамуудын дагуу хэрэгжүүлэхийг танд зөвлөж байна:

Эхний алхам бол байгууллагын стратеги зорилго, зорилтуудыг тодорхой болгох явдал юм. Ажилтан бүрийн хүчин чармайлт нь стратегийн түвшинд ямар хувь нэмэр оруулах, тэдний мэргэжлийн зорилгыг компаний зорилгод нийцүүлсэн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй. Хувь хүний зорилгыг тухайн хэлтэс болон багийн түвшингээс салгаж, өөрийнх нь ажил үүргийн дагуу тодорхой зорилтуудаар чиглүүлэх нь оновчтой юм.

Хоёр дахь алхам нь гүйцэтгэлийн удирдлагын бүх процесс хэрхэн явагдахыг төлөвлөх, мөн ажилтан бүрийн гүйцэтгэлийн хүлээлт дээр үндэслэн шийдвэр гаргах явдал юм. Гүйцэтгэлийн хүлээлт нь ажилтны KPI-ийн зорилтот хүрэх, тодорхой чадамжийг сайжруулах, хүсэж тэмүүлсэн байдлаа бий болгох зэрэгт анхаарсан байх хэрэгтэй. KPI процессын энэ хэсэгт ажилтны санаа бодлыг харгалзсан шийдвэрүүд олон гаргах шаардлагатай. Ажилчид компанидаа хувь нэмэр оруулж буйгаа мэдрэх тусам өөрчлөлтийг хүлээн авах нь илүү хялбар байдаг байна.  

Гүйцэтгэлийн удирдлагын процесст ашиглагдах загвар, стандартуудыг бий болгох нь ажиллах арга хэлбэрийг тодорхойлох, бүх арга техникийг /ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, ур чадвар, зан байдал, ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээний маягт/ стандартжуулахаас эхэлдэг.

Системийг нэвтрүүлэхийн өмнө эдгээр арга техникийг хэрхэн зөв ашиглах талаар менежерүүдэд хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулах хэрэгтэй. Системийг идэвхжүүлэх нь ажилтны гүйцэтгэлд хяналт тавьж эхэлнэ гэсэн үг юм.

Мөн ажилчид гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэхээс өмнө гүйцэтгэлийн зорилгоо биелүүлсэн байхын тулд дасгалжуулагч, менежерүүдээс дэмжлэг авч байх ёстой. Байнгын санал хүсэлт нь менежерүүд болон ажилчдад хоёуланд нь тусалдаг бөгөөд энэ нь сургалтын маш чухал арга билээ.  

Гүйцэтгэлийн үнэлгээг жил бүр, хоёр жилд нэг удаа, шаардлагатай бол сар бүр хийж болно. Ажилтан бүрийн гүйцэтгэлд үндэслэн шинэ санал санаачилгуудыг ч мөн гаргаж байх хэрэгтэй - гүйцэтгэлийг сайжруулах эсвэл өндөр гүйцэтгэлтэй ажилтнуудыг урам зоригтой байлгах гэх мэт.  

Түүнчлэн, гүйцэтгэлийн удирдлагын энэ шатанд ажилчны мэргэжлийн зорилгыг тодорхойлж болно, ажилтанд зориулсан сургалтын хуваарийг гаргаж, мэргэжлийн хүсэл эрмэлзлийнх нь талаар ярилцаж болно.

Гүйцэтгэлийн удирдлагын цикл нь гүйцэтгэлийн үнэлгээ хийгээд дуусдаг зүйл биш бөгөөд түүний хамаарлыг хадгалахын тулд байгууллагын нөхцөл байдалд байнга тохируулж, дасан зохицож байдаг тасралтгүй үйл явц юм.

Дээр дурдсантай ижил төстэй аргыг Элейн Пулакосын гүйцэтгэлийн удирдлагын системийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх практик гарын авлагаас мөн та үзэх боломжтой.

Ажилтны гүйцэтгэлийн удирдлагын ухаалаг хэрэгжилтийг бий болгосноор менежерүүд болон ажиллагсад хоёулаа энэ үйл явцад илүү их урам зоригтой байх болно. Тиймээс эдгээр 3 энгийн зөвлөгөөг дагаж мөрдөөрэй.

 

  • Харилцаа! Харилцаа! Харилцаа! – хэрэв ажилчид аз жаргалтай байгаагаа мэдэрч, ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэхийн давуу талыг ойлгодог бол менежерүүд болон ажилтнууд бие биенээ дэмжин хамтран ажиллах болно.

  • Харилцан яриаг бий болгоорой! - Гүйцэтгэлийн үнэлгээний уулзалт нь тухайн хүнийг дүгнэж цэгнэдэггүй, ажилтнуудын гүйцэтгэлийг хооронд нь харьцуулдаггүй хоёр талын шударга, нээлттэй хэлэлцүүлэг байх ёстой. Энэ уулзалт нь ажилтны хувьд "шүдний эмчид үзүүлэхээс эмээдэг айдастай уулзалт" биш гэдгийг санаарай.

  • Хэрэгжүүлж эхэл! - Хэрэв гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэсний дараа юу ч өөрчлөгдөхгүй бол ажлын гүйцэтгэл сайжрахгүй бөгөөд тухайн байгууллага, менежерүүд, ажиллагсадын хувьд ямар нэгэн тодорхой үр дүнгүй энэ үйл явц нь зөвхөн албан ёсны журам төдий санагдах болно. Танд амжилт хүсье.