KPI үнэлгээнд гардаг түгээмэл 10 алдаа

Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт буюу KPI-ийг оновчтой сонгох нь жил бүрийн төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлийг үнэлэхэд тулгардаг асуудал байдаг. Бидний сонгосон түлхүүр үзүүлэлтүүд тухайн зорилтын гүйцэтгэлийг зөв хэмжиж байна уу гэдэг асуулт байнга бидэнд ирдэг. Тэгвэл байгууллагууд KPI-аа сонгохдоо дараах 10 алдаа хамгийн түгээмэл гаргадаг ба түүнээс сэргийлж цаг хугацаа, нөөцөө хэмнэх зөвлөгөөг хүргэж байна.

 

  1. KPI-ийг стратеги зорилтуудтайгаа уялдаагүй сонгох

KPI нь танай байгууллагын стратеги зорилтуудтай уялдаж сонгосон байх нь стратегийн шийдвэр гаргалтын үед тоон мэдээлэл бүрдүүлж, түүн дээр суурилсан шинжилгээ хийхэд гол үнэ цэнэ өгдөг. Стратегитай холбоогүй тохиолдолд та бизнест ашиггүй мэдээлэл цуглуулахад асар их цаг хугацаа, нөөцийг үр ашиггүй зарцуулна.

KPI нь таны бизнест чухал ач холбогдолтой тоон мэдээллийг илэрхийлж байх нь түүний гол үнэ цэнэ юм. Тиймээс, танай бизнес юунд хүрэхийг хичээж байгаа, ямар зорилтуудад чиглэж байгаа гэдгээ тодорхойлж, түүний хэрэгжилтийг хэмжих KPI-ийг сонгох нь чухал.

  1. Хэмжихэд хялбар бүхнийг хэмжих

Харамсалтай нь хэмжих боломжтой зүйлс нь хэмжих шаардлагатай зүйлсээс ялгаатай байдаг. Тийм учраас бизнесийн хувьд чухал биш боловч хэмжиж чадахыг хэмжиж гүйцэтгэлийн үнэлгээ гаргадаг нь түгээмэл гардаг алдааны нэг юм.

  1. Хийж байгаа ажил бүрээ хэмжих

Байгууллага дээр хийгдэж байгаа ажил бүрийн гүйцэтгэлийг хэмжиж, үйл хөдлөл бүрээ KPI-жуулах алдаа их гардаг. Их хэмжээний дата цуглуулж, үнэ цэнэ өгөхгүй, шийдвэр гаргалтанд шаардлагагүй KPI-уудыг хэмжихэд ихээхэн цаг хугацаа, нөөцөө зарцуулах алдаа гардаг.

  1. Бусад байгууллагын KPI-ийг хуулбарлах

KPI-ийг сонгохдоо салбарын шилдэг туршлагыг судлах нь зөв хэдий ч бусад байгууллагын ашиглаж байгаа KPI-ыг шууд хуулбарлан ашиглах нь маш том алдаа. KPI-ийг сонгох хамгийн чухал шалгуур нь танай бизнесийн зорилтыг хэмжиж чадаж байгаа эсэх юм, тийм учраас KPI expo буюу боломжит KPI-ийн санг үүсгэж, байгууллагын удирдлага, менежерүүд хамт хэлэлцэж сонгох нь хамгийн үр дүнтэй.

Судалгааны байгууллагууд, мэргэжлийн экспертүүдийн гаргадаг түгээмэл ашиглагдаж байгаа KPI-ууд нь танай байгууллагын зорилтод нийцэх албагүй бөгөөд тэдгээрийг сонгож ашиглах нь танай тавьсан стратеги зорилтоос шууд хамаарна.

  1. Хэт олон хэмжүүр үзүүлэлтүүд ашиглах

Санхүүгийн үзүүлэлтүүдээс эхлээд борлуулалт, маркетинг, үйлдвэрлэлийн гэх мэтчилэн маш олон төрлийн KPI үзүүлэлтийг сонгох боломжтой байдаг. Гэхдээ эндээс түлхүүр үзүүлэлт буюу зорилтын гүйцэтгэлийг илэрхийлэх чухал үзүүлэлтээ сонгох нь чухал. Бизнес удирдагчдын хувьд бизнесийн гүйцэтгэлээ харж шинжилгээ хийхийн тулд олон үзүүлэлт бүхий урт жагсаалт эсвэл маш том дашбоард байхаас илүүтэй чухал үзүүлэлтүүдийг агуулсан, товч тодорхой үнэлгээний хуудас байх нь оновчтой шийдвэр гаргалтанд туслана.

  1. KPI-ийг урамшуулалтай холбосон буруу ойлголт

KPI үнэлгээнд суурилсан бонус урамшуулал, цалингийн өсөлтийн бодлого нь ихэнх байгууллагад буруу ойлголттой хэрэгжүүлсэн байдаг. KPI үнэлгээний гол зорилго нь тавьсан зорилгодоо хүрсэн байдал, хэрэгжилтийг хэмжиж, түүн дээрээ дүн шинжилгээ хийх, сайжруулах алхмуудыг тодорхойлж, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой. Харин урамшууллын хэмжээг тодорхойлох зорилгоор ашиглаж байгаа гэх мэт буруу ойлголт нь гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцооны хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж, гүйцэтгэлийг бодит бусаар үнэлэх шалтгаан болдог.

  1. KPI сонголтонд шаардлагатай оролцогч талуудыг оролцуулахгүй байх

Байгууллагын удирдах ажилтнууд бизнесээ том зургаар нь харж, зорилго зорилтуудаа төлөвлөх ажил дээр их анхаарал тавьдаг. Харин тэдгээр зорилтуудын хэрэгжилтийг хэмжих түлхүүр үзүүлэлтийг сонгох ажлыг нэг их чухалчилдаггүй. Энэ бол алдаа. Байгууллагын гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлтүүдийг сонгохдоо байгууллагын удирдлагууд, дунд шатны удирдлагууд, ажилтны төлөөллүүд хамтран хэлэлцэж сонгохыг бид зөвлөдөг.

  1. KPI үнэлгээний тоон мэдээлэл дээр шинжилгээ хийдэггүй

Гүйцэтгэлийн үнэлгээ хийснээр байгууллагад маш үнэ цэнэтэй тоон мэдээлэл бий болдог. Түүн дээр шинжилгээ хийж, цаашдын гүйцэтгэлээ сайжруулах шийдвэр гаргалт хийх нь гүйцэтгэлийн удирдлагын чухал нэг алхам юм. Үнэлгээг ихэвчлэн гүйцэтгэлийн удирдлагын чиг үүрэг хариуцсан ажилтнууд хийдэг ба эндээс гарч байгаа тоон мэдээлэл бүхий тайлангийн үнэ цэнийг шийдвэр гаргагчид, удирдлагууд л ашиглах боломжтой.

  1. KPI-аа шинэчилж, сайжруулдаггүй

Сонгосон KPI-уудын үнэлгээг гаргах бүртээ энэ KPI оновчтой байж чадаж байна уу, манай стратеги зорилттой хамааралтай байна уу, бизнесийн чухал шийдвэр гаргалтуудад хэрэгтэй тоон мэдээллийг өгч чадаж байна уу гэдгээ байнга хянаж байх хэрэгтэй. KPI үзүүлэлтийг сольж өөрчлөхөөс айж болохгүй. Учир нь бизнесийн нөхцөл байдал, тавьж буй зорилтууд өөрчлөгдөх бүрт KPI-ийн хэрэгцээ өөрчлөгдөх боломжтой. Тавьсан зорилтуудаа өөрчлөх бүртээ түүний гүйцэтгэлийг хэмжих KPI-ууд нь оновчтой байна уу гэдгээ эргэн харж, сайжруулж байх шаардлагатай.

  1. KPI-ийн үр дүнд суурилж шийдвэр гаргах, үйлдэл хийхгүй байх

KPI нь стратегийн хэрэгжилтийг илэрхийлж, бизнесийн бодит баримтанд суурилсан шийдвэр гаргахад мэдээлэл өгөх боломжтой, гэхдээ зөвхөн менежерүүд түүний дагуу шийдвэр гаргаж, тодорхой сайжруулах үйлдлүүд хийдэг үед л үнэ цэнэ бий болно. Эцсийн эцэст, та KPI-ээ стратегидаа хэр гайхалтай нийцүүлэн сонгосон, хичнээн гайхалтай тайлан гаргаж танилцуулсан нь хамаагүй, хэрэв түүн дээр суурилан шийдвэр гаргах, гүйцэтгэлээ нэмэгдүүлэхийн тулд KPI-ээ ашиглаагүй бол цаг хугацаа, хүчин чармайлтаа дэмий үрж байна л гэсэн үг.

 

Оновчтой сонгосон KPI-ууд бүхий гүйцэтгэлийн төлөвлөлт нь одоогийн гүйцэтгэлийн түвшинг тодорхой харуулж, танай баг бизнесийг стратеги зорилгодоо хүрэхэд ойртуулах илүү сайн шийдвэр гаргахад тусална. Эдгээр 10 бэрхшээлээс зайлсхийснээр та KPI-уудыг төлөвлөсний дагуу боловсруулж, хэрэгжүүлж, ашиглаж байгаа эсэхийг баталгаажуулж, компанийн тавьсан зорилтдоо хүрэхэд нь туслах болно.