Дата бизнест ямар үр өгөөж өгдөг вэ?

Саяхан нэг олон нийтийн арга хэмжээн дээр нэг хүн датаны талаар маш оновчтой хэлсэн. “Түүх гэдэг бол эргээд харахад сайхан гэхдээ дата гэдэг бол жинхэнэ хаан юм гэж хэлсэн”. Бид өнгөрсөн цаг хугацааны нөхцөл байдлыг эргээд харахад сайхан байдаг, мэдрэмжүүдийг авч шийдвэр гаргах боломжууд бас төрдөг. Гэхдээ тухайн өнгөрсөн цаг хугацааны хором мөч бүрд үүссэн нөхцөл байдлыг бид шууд харж чаддаггүй. Тодорхой хэмжээний дата цуглуулж, түүн дээрээ дүн шинжилгээ хийснээр бодит байдлыг дүгнэж чадна.

Датаны бизнес өгөх 3 төрлийн нууцлагдмал үр ашиг байдаг.

  1. Descriptive буюу тухайн зүйлийн тайлбарыг өгч чаддаг дата. Жишээлбэл 4 ажилтантай хэлтэс байлаа гэхэд хэн нь илүү бүтээмжтэй ажиллаж байна, хэн нь хамгийн их цаг ажилласан ч бүтээмж муутай байна гэдэг тухайн нөхцөл байдлыг тайлбарлан харуулж байгаа дата юм.
  2. Predictive буюу таамаглал хийх боломж. Өнгөрсөн үеийн дата дээр суурилан ирээдүйг таамаглах боломжийг бий болгодог.  
  3. Дата нь өөрөө тухайн компанийхаа үйл ажиллагаанд зөвлөгөө үзүүлэх шинж чанартай байдаг.

Технологи хурдтай хөгжиж, бизнесүүд ухаалаг болох тусам дата байгууллагын өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй болсоор байна. Хэрхэн технологийн дэвшлийг ашиглан хэрэгтэй датагаа цуглуулж, хэрхэн дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа чадвараас зах зээл дээрх өрсөлдөх чадвар шууд хамаарч байна.

Үүнээс харахад бизнесийн хувьд дата бол үнэ цэнэтэй хөрөнгө болж байгаа бөгөөд бизнесийн салбар, байгууллагын том жижгээс хамааралгүй бүх байгууллага датагаа цуглуулах, үүний тулд дата стратегиа тодорхойлох шаардлагатай болох нь харагдаж байна.

Дата стратеги

Маш олон бизнесүүд дата стратегиа зөв тодорхойлоогүйгээс маш их хэмжээний дата цуглуулж, ямар мэдээллээс ямар дүн шинжилгээ хийж үр дүн гаргахаа мэдэхгүй байдаг. Дата цуглуулж эхлэхээсээ өмнө дата стратегиа тодоройлох хэрэгтэй. Дата стратегийг зөв тодорхойлоход танай байгууллагад цуглуулах боломжтой дата, өрсөлдөгчийн цуглуулдаг дата ямар байх нь чухал биш, зөвхөн танай байгууллагын хүрэхийг зорьж буй зорилго, түүнд хүрэхэд туслах датаг тодорхойлох нь чухал юм.

Тийм учраас их хэмжээний датанд дунд живэхээс сэргийлэн зөвхөн зорилгод тань хүрэхэд туслах датанд төвлөрсөн ухаалаг стратегийг боловсруулах хэрэгтэй. Бизнесийн тань шийдвэрлэх чухал асуултуудад хариулахад туслах дата өгөгдлийг цуглуулж түүнийгээ боловсруулан дүн шинжилгээ хийнэ гэсэн үг.

Маш олон байгууллагууд дата стратегийг зөвхөн маркетинг борлуулалтын хүрээнд хардаг.

Дата бол шинэ үеийн газрын тос. Дата бидэнд төсөөлж байгаагүй боломжуудыг хэдхэн жилийн дотор бий болгосон. Цаашид нь бизнесийн салбарт дата менежмент, дата шинжилгээний ач холбогдол өссөөр байх болно. Датаг стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө гэж үзэж, дата менежмент, анализ, стратегиа хөгжүүлж чадсан компаниуд датанд суурилсан шинэ ертөнцөд амжилт олж чадна.