Жижиглэнгийн худалдааны бизнесийн онцлох KPI үзүүлэлтүүд

Ямар үзүүлэлтүүдээ шалгах вэ? Энэ таны бизнесийн онцлогоос шалтгаална. Жижиглэнгийн бизнес бүр ялгаатай, чухал үзүүлэлтүүд бүх бизнест адил байдаггүй. Гэхдээ хамгийн түгээмэл ашиглагддаг, жижиглэнгийн худалдааны бизнесийн гүйцэтгэлийг үнэлэх 14 KPI үзүүлэлтийг танилцуулж байна.

Борлуулалтын үзүүлэлт

Худалдааны бизнест борлуулалт гэдэг цусны эргэлт л гэсэн үг. Тийм ч учраас борлуулалтынхаа чухал үзүүлэлтүүдийг байнга хянаж байх нь чухал.

  1. Нэг м/кв-д ногдох борлуулалт

Энэ үзүүлэлт танай худалдааны талбайн нэг м/кв-д ногдож байгаа борлуулалтын хэмжээг илэрхийлдэг. Дараах томъёогоор тооцоолно :

Нийт борлуулалт / худалдааны талбай (дэлгүүрийн ашигтай талбай)

Яагаад үүнийг тооцож хардаг вэ?

Нэгж талбайд ногдох борлуулалтын хэмжээ нь дэлгүүрийн бүтээмжийг үнэлэх гол үзүүлэлт болдог. Энэ үзүүлэлтийг дэлгүүрийн дотоод зохион байгуулалт болон бараа өрөлтийг төлөвлөхдөө ашиглаж болно.

Хэрхэн сайжруулах вэ?

Борлуулалтын болон бүтээмжийн зөв тактикуудыг ашиглан энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Танд туслах хэдэн зөвлөгөөг хуваалцаж байна :

  • Дэлгүүрийн дотоод зохион байгуулалтыг сайжруулах
  • Бүтээгдэхүүний үнэ болон идэвхижүүлэлтээ сайжруулах
  • Борлуулалтын ажилтнуудын чадварыг сайжруулах
  • Үйлчлүүлэгч дэлгүүрт илүү удаан байх боломжийг бүрдүүлэх
  • Нэг үйлчлүүлэгчийн дундаж борлуулалтыг дэмжих

 

  1. Ажилтанд ногдох борлуулалт

Нэг ажилтанд ногдох борлуулалтын хэмжээ үзүүлэлт нь хүний нөөцийн төлөвлөлт хийхэд ашиглагддаг. Дараах томъёоллоор тооцно :

Нийт борлуулалт / нийт ажилтны тоо

Яагаад үүнийг тооцож хардаг вэ?

Энэ үзүүлэлт танд ажиллах хүчтэй холбоотой илүү ухаалаг шийдвэр гаргалтанд туслах болно, ялангуяа шинэ ажилтан авах, албан тушаал томилох болон урамшууллын хөтөлбөр төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Хэрхэн сайжруулах вэ?

Энэ үзүүлэлтийг сайжруулах хамгийн сайн арга бол нэг ажилтны хийж байгаа дундаж борлуулалтыг нэмэгдүүлэх юм. Дэлгүүрийн онцлогоос шалтгаалан дараах арга хэмжээг авч болно :

  • Борлуулалтын ажилтны төлөвлөгөөг ухаалгаар тогтоох
  • Борлуулалтын сургалтанд хамруулах
  • Борлуулалтын ажилтнуудыг идэвхижүүлэх

 

  1. Хувиргалтын түвшин

Хувиргалтын түвшин нь дэлгүүрт зочлон ирсэн үйлчлүүлэгчид болон худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчийн харьцааг илэрхийлдэг. Дараах томъёоллоор бодно :

Борлуулалтын тоо / үйлчлүүлэгчдийн тоо

Яагаад үүнийг тооцож хардаг вэ?

Хувиргалтын түвшин нь танай дэлгүүрээр сонирхон яваа үйлчлүүлэгчийг хэрхэн худалдан авагч болгон хувиргаж байгаа чадварыг илэрхийлдэг. Дэлгүүртээ олон хүн татаж ирүүлэх нь чухал хэдий ч хувиргалтын түвшин бага бол борлуулалтаа нэмэгдүүлж чадахгүй.

Хэрхэн сайжруулах вэ?

Хувиргалтын түвшинг сайжруулах нь ажилтнуудын ур чадвараас шууд хамаарна.

  • Үйлчилгээний чадварыг сайжруулах
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг сайн бэлдэж өгөх
  • Тулгах биш ятгах арга хэрэглэх

  1. Бохир болон цэвэр ашиг

Бохир ашиг гэдэг нь борлуулсан дүнгээс бүтээгдэхүүнийг бий болгосон зардлыг хассан үеийн ашгийг илэрхийлдэг.

Борлуулалтын дүн – Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Харин цэвэр ашиг гэдэг нь борлуулалтын дүнгээс бүтээгдэхүүний өртөг болон бизнесийн бусад зардлуудаа(үйл ажиллагааны зардлууд) хассан ашгийг хэлнэ.

Борлуулалтын дүн – нийт зардал

Яагаад үүнийг тооцож хардаг вэ?

Бохир болон цэвэр ашгийн хэмжээ нь та үнэхээр ашигтай ажиллаж, өөртөө мөнгө олж чадсан эсэхийг илэрхийлдэг. Борлуулалт ихээр хийх нь сайн үзүүлэлт хэдий ч тэндээс хэдий хэмжээний ашиг олж чадаж байгаа нь чухал үзүүлэлт.

Эдгээр KPI үзүүлэлтийг хянаж байх нь бизнесийнхээ хувьд илүү ухаалаг шийдвэр гаргахад туслана. Жишээ нь бохир ашиг бага байвал бүтээгдэхүүн нийлүүлэлт, үйлдвэрлэл дээрээ анхаарал хандуулж, бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулах хэрэгтэй.

Цэвэр ашгийн хэмжээ бага байвал үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэрхэн сайжруулах вэ?

Ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэх бизнесийн хэд хэдэн төрлийн стратегиуд байдаг. Жишээ нь :

  • Үйл ажиллагаагаа хялбаршуул, автоматжуул, зардлаа бууруул
  • Үнээ өсгөх
  • Дундаж захиалгын хэмжээг нэмэгдүүлэх
  • Нийлүүлэгчтэйгээ харилцаагаа сайжруулах

 

Бараа материалын үзүүлэлтүүд

Бараа материалын түвшинг тохиромжтой түвшинд байлгах нь түвэгтэй хэдий ч дараах KPI үзүүлэлтүүдийн тусламжтайгаар хянах, удирдах боломжтой.

  1. Бараа материалын эргэлт

Энэ үзүүлэлт нь тодорхой хугацааны интервалд хэдэн бараа материал борлуулагдсныг илэрхийлдэг. Дараах томъёоллоор бодно :

Борлуулагдсан бүтээгдэхүүний өртөг / Бараа материалын дундаж үлдэгдэл

Яагаад хэмжих хэрэгтэй вэ?

Бараа материалын эргэлт үзүүлэлтийг ашиглан агуулахын оновчтой түвшинг тодорхойлох боломжтой болдог. Эргэлт удаан байвал агуулах дахь бараагаа хэтэрхий удаан борлуулж байна, хугацаа нь дуусах, үнэ цэнэ нь буурах, үхмэл бараатай болох эрсдэлтэй.

Эргэлт хэт хурдан байвал бараа татан авалтаа хангалттай хийж чадахгүй байх магадлалтай, худалдан авагчидын хүссэн бараа агуулахад дууссан байх тохиолдлууд гарах, борлуулалтын алдагдсан боломж үүсч байж болно.

Хэрхэн сайжруулах вэ?

Эргэлт бага байвал бараа захиалгаа дахин хянах, хэтэрхий их татан авалт хийж байгаа эсэхээ шалгаарай. Удаан хадгалагдсан, өндөр насжилттай бараагаа хурдан эргэлтэнд оруулах тал дээр анхаараарай.

 

Та Гүйцэтгэлийн удирдлага, KPI менежментийн талаар системтэй мэдлэгтэй болохыг хүсвэл удахгүй болох Certified KPI professional сургалтанд таныг урьж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.